Интернет худалдаа

Интернет худалдааг амжилттай эхлүүлэхэд анхаарах 7 зүйлс


Өдөр ирэх тутам интернет хэрэглэгчдийн тоо өссөөр дэлхийд өнөөдөр 3.3 тэрбум хүн интернет хэрэглэж байгаагаас 80 хувь нь интернет ашиглаж ямар нэгэн зүйл худалдаж авсан гэсэн мэдээ байна. Манай улсын хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлангаар 2014 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.7 сая интернет хэрэглэгчид байсан бол 2015 оны байдлаар уг тоо 10.5 хувиар өсөн 1.9 саяд хүрсэн байна. 

Дээрх тоонуудаас харахад бидэнд нэг талаас гадны зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргах, нөгөө талаас бизнес эрхлэгчдэд дэлгүүрийн бизнесээ өргөжүүлэх боломж байгааг харж болохоор байна. 

Амжилттай эхлүүлэхийн тулд эхний ээлжинд хэрэглэгчдийн ямар асуудалд ямар шийдэл санал болгох тухай санаагаа зөв олох хэрэгтэй байдаг бол дараагийн нэг чухал асуудал нь интернет ашиглаж хийх маркетингийг орхигдуулж болохгүйд байдаг.

Хүссэн хүсээгүй интернет орчноос харилцагчидаа олох, анхаарлыг нь татах тухай асуудал болохоор интернетээр хийгдэх хайлтанд дээгүүр харагдах, сошиал медиа сувгууд ашиглаж олон хүнд бизнесийн тухай мэдээллээ хүргэх зэргээр ажиллах шаардлага тулгардаг. 

Хэрэгжүүлж эхлүүлэхэд хэд, хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй байдаг: 

1. Үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж битгий яар

Хамгийн их түгээмэл гаргадаг алдаа нь вэб сайтаа ажиллуулах гэж хэт их яардагт байдаг. Вэб сайтаа бэлэн болгосон хэдий ч дараах зүйлсийг бодож үзэхээс нааш олонд түгээхээ түр азнах хэрэгтэй. Хайлтын сиситемин оновчлол, контент маркетинг, сошиал медиа гэх мэт. 

2. Хэрэглэгчидээ сайтар судлах 

Интернет худалдааны вэб сайт амжилтгүй болдог томоохон шалтгаануудын нэг нь хэрэглэгчид тухайн барааг барьж үзэх, үнэрлэх гэх зэргээр мэдэрч чаддаггүйд байдаг. Нэгэнт уг асуудалд өнөөдөр хараахан шийдэл байхгүйгээс хойш, уг сул талыг үнэгүй хүргэлт, боломжит хямд үнэ санал болгох гэх зэргийн өөр бусад давуу талуудаар нөхөх хэрэгтэй. 

3. Бүгдийг туршиж үзэх 

Интернет орчинд вэб сайтад хийх багахан хэмжээний өөрчлөлт харилцагчдын хандалтын хэмжээнд ихээр нөлөөлдөг тул бизнесээ эхлүүлэх, хэрэгжүүлэх явц болон хэрэгжүүлсний дараах бүхий л үед бидний хийсэн ажлуудын юу нь болж байна, юу нь болохгүй байгааг туршиж, дүн шинжилгээ хийн тасралтгүй сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Хэрэглэгчдийнхээ оронд өөрийгөө тавиад тэдэнд яавал илүү аятайхан байх талаас нь бодолцох нь үр дүнтэй байдаг. 

4. Сошиал медиа сувгуудыг ашигла

Сошиал медиа нь харилцагчдынхаа юу хүсч байгааг болон тэдний хандлагыг тандах боломж өгдөг бөгөөд мөн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тухай мэдээллийг олон хүнд хурдан, үр дүнтэй хүргэх суваг болдог тул анхааралгүй орхиж болохгүй.

5. Гар утасанд оновчлох

Интернет рүү гар утас ашиглан хандах хандлага өдөр ирэх бүр ихсэж байгаа тул вэб сайтаа гар утсаар харагдах байдлыг оновчтой болгохыг мартаж болохгүй. 

6. Хайлтын системд дээгүүр харагдах 

Хайлтын систем нь интернетээс ирэх харилцагчдын тогтмол урсгалыг авах нэг суваг тул хайлтын системд эзлэх байрлалд анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Хэрэглэгчдийнхээ гүүгл ашиглан хайлт хийх магадлал өндөр үгүүдийг зөв тодорхойлж, тус үгүүдээр вэб сайтаа хэрхэн оновчлох талаар туршлагатай байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй. 

7. Тасралтгүй хөгжих 

Өнөөдөр технологийн хөгжил, харилцагчдын сонирхол хурдацтай өөрчлөгдөж байна. Хэрэв та амжилттай байна л гэж бодож байгаа бол үүнийг соргогоор мэдэрч тасралтгүй хөгжиж байх хэрэгтэй болно.

Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж байна. Хэдхэн жилийн өмнө бид гар утас, интернетийн тухай төсөөлж ч байгаагүй. Ойрын 25 жилд технологийн хөгжил 4-7 дахин өсөх хандлагатай байна. Интернет худалдаа, 3D хэвлэх төхөөрөмж, смарт тавилга, хиймэл оюун ухаан гэх зэрэг шинэ эринийг илэрхийлэх технологиуд хурдацтай хөгжиж байна. Бид ч гэсэн үүнтэй хөл нийлүүлэхгүй гэж үү?  


Similar Posts