Интернетээс чанартай урсгал авах блог хэрхэн бичих вэ?
Блогийг мэдлэг туршлагаа хуваалцах, үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, сонирхол нэгтэй найз нөхөдтэй болох гэх мэтчилэн маш олон зорилгоор хөтөлж болохоос гадна бизнесүүд маркетингийн зорилгоор ашиглан амжилтад хүрсээр байна.
Онлайн бизнес эрхлэгчдийн хувьд хэрэглэгчдийнхээ асуудалд нь хариу өгөх нийтлэл тогтмол хөтөлснөөр бизнесийг тань гүүглээс хайлт хийх магадлалтай үгүүд олон хувилбараар хайлтын системд бүртгэгдэх учраас тэр хэрээр үнэгүй урсгал цахим орчноос вэб сайт уруугаа авах боломжийг бүрдүүлж байдаг.

Түүнчлэн Гүүглээс хайлт хийж байгаа хүмүүс нь өөрсдөө хайж олсон мэдээллийг илүү их сонирхож үзэх хандлагатай байдаг, улмаар худалдан авагч болох магадлал бусад сувгуудтай харьцуулахад өндөр байдгийг манай вэб сайтаар сүүлийн хэд хоногт зочлогсдын үзүүлсэн хандалтыг Google analytics-с авсан мэдээллээс харж болоохоор байна. /Bounce rate-вэб сайтад зочлоод цааш өөр бусад хуудсуудад зочлоогүй гарсан хувийг илэрхийлдэг/
Тэгвэл блогоо хэрхэн амжилттай хөтөлж гүүглд дээгүүр эрэмбэлэгдэн бизнестээ зорилтот хэрэглэгчдийнхээ анхаарлыг татах талаар сонирхолтой хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
1. Сахилга бат
Ямар чиглэлээр блог хөтөлж байгаагаас үл хамааран блогийн үндсэн философи нь үнэ цэнэтэй зүйл бүтээхэд чиглэгдэж байх ёстой гэж боддог. Зүгээр л Wikipedia-с хайгаад олчих нийтлэг мэдээлэл биш уншигчийн асуудлыг шийдвэрлэх, өөрийн гэсэн өнгө аястай, туршлага дээр суурилсан, үнэ цэнийг бий болгож чадахуйц бичвэр нь амжилтад хүрэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг юм.
Нийтлэлийн чанарт анхаарал хандуулахаас гадна блогоо тогтмол хөтлөх нь чухал байдаг. Хайлтанд дээгүүр гарах нь богино хугацаанд хийгдчих ажил биш бөгөөд тогтмол нийтлэлүүд оруулж, тууштай байж, хайлтад дээгүүр эрэмбэлэгдэх боломжоо нэмэгдүүлдэг гэдгийг мартаж болохгүй.
Тогтмол бичвэр оруулж өөрийгөө сэдэлжүүлж байхын тулд төлөвлөгөө гаргаад явбал зүгээр санагдсан. Хэзээ ямар сэдвээр бичих вэ, өмнө нь оруулсан нийтлэлүүдийн аль нь илүү хайлтад өртсөн байна вэ, хүмүүс ямар сэдвийг илүү сонирхож байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийж төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж байвал зүгээр.
2. Нийтлэлийн бүтэц
Хайсан зүйлээ олоод мэдээллийг хялбархан хүлээн авах боломжийг бүрдүүлэхийн тулд нийтлэлээ ойлгомжтой, эмх цэгцтэй байлгах ёстой. Бичвэр дараах хэсгүүдээс бүрдэнэ:
Гарчигаа оновчтой өгөх. Гарчигнаас нийтлэлийг унших эсэх шалтгаалдаг учраас унших хүслийг төрүүлэхүйц байх хэрэгтэй.
Сонирхолтой зураг. Pablo ч юм уу тиймэрхүү зурган мэдээлэл оруулдаг сайтуудаас хүмүүсийн анхаарлыг татахуйц зураг олоход илүүдэхгүй.
Удиртгал. Удиртгалыг бичвэрийн хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Анхны сэтгэгдлийг хоёр дахь удаагаа төрүүлэх боломжгүй бөгөөд удиртгал хэсэг хэрэв таалагдахгүй бол цааш уншихгүй байх магадлал өндөр байдаг. Тийм учраас энэ хэсэгт уншигчийг татах санаа, асуудлыг дэвшүүлвэл зүгээр байдаг.
Үндсэн хэсэг. Бичвэр оруулахдаа өөрийгөө уншигчийн оронд тавьж үзээд тэдний зорилго юу вэ, ямар асуултынхаа хариултыг хайж байна вэ гэдгийг ойлгож тэдэнд зориулж бичих хэрэгтэй. Харилцагчдынхаа асуудалд нь хариу өгөх блог бичих нь хайлтад дээгүүр гарахад нөлөөлдөг чухал үүрэгтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Дүнэлт. Өмнөх бүх зүйлээ хэт их нуршилгүйгээр уншигчиддаа гол санаагаа дахин нэгтгэж өгөх.
Сэтгэгдэл үлдээх хэсэг. Уншигчид таны нийтлэлийг уншаад төрсөн сэтгэгдээ бичиж үлдээх нь дараа дараачийн бичвэрүүдээ сайжруулахад туслах, хоорондоо санаа бодлоо хуваалцах сайхан боломжийг бий болгодог.
3. Хайлтын системийн оновчлолыг блогтоо ашиглах
Интернет хэрэглэгчдийн дийлэнх нь органик хайлтын үр дүнг төлбөртэй байршсан мэдээллээс илүүд үздэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр мөнгө төлөлгүйгээр хайлтын системээс их урсгал вэб сайт уруугаа авахын тулд хайлтын системийн оновчлолыг ашиглах хэрэгтэй.
Хайлтын системийн оновчлол нь уншигчдын олохыг хүсэж байгаа, асуудалд нь хамгийн тохирох контентийг хүргэхэд нь гүүглд тусалж байгаа хэрэг юм. Хайлтын системийн оновчлолдоо мэдээж зөв түлхүүр үгийг олж ашиглах нь чухал.
Харилцагчид тань мэдээлэл хайхдаа ямар үгийг их хэрэглэдгийг судалж, мэдсэнээр зорилтот харилцагчидаа вэб сайтаараа зочлуулах боломжтой болно. Тэрхүү үгийг олох боломж олгох Google adwords гэх мэт программууд байдаг.
4. Практик ач холбогдолтой байх
Интернетэд байгаа маш их мэдээлэл дундаас уншигчид өөрт байгаа тэрхүү асуултын хариуг л авахыг хүсч байдаг. Тэгэхээр тэдний асуултанд хариулаад зогсохгүй, блогоор зочлогсод чинь уншсан зүйлээ ашиглан асуудлаа шийдвэрлэж байвал олон хүн танай блог руу ирэх холбоос буюу линк үүсгэн цахим орчин дахь блогийн нэр хүндийг өсгөдөг.
5. AIDA (awareness, interest, desire, action)
Анхаарлыг татах. Амжилттай блогерүүд уншигчид тэднийг олохыг хүлээгээд суугаад байлгүй өөрсдөө идэвхитэй сурталчилж тэдний анхааралд өртдөг.
Сонирхлыг татах. Уншигч өөрийн хайж буй асуулттай холбоотой сонирхолтой гарчиг дайралдвал цааш уншихыг хүсэх нь гарцаагүй. Тийм учраас анхаарлыг татах хамгийн энгийн арга бол сонирхолтой, хүчтэй гарчиг сонгох юм.
Хүсэл төрүүлэх. Ихэнх уншигчид бичвэрийг дуустал уншдаггүй тул хэт их нуршуу биш, уншихад хялбар байдлаар толилуулах хэрэгтэй.
Үйлдэлд дуудах. Таны бичвэр үнэхээр үнэ цэнэтэй, сонирхолтой байж чадсан бол уншигчид ямар нэг сэдэл төрөх ёстой юм. Жишээ нь дэлгэрүүлж судламаар санагдана. Энэ үед нь тухайн харилцагчийг алдахгүйн тулд хэрэгтэй газар нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар болон бусад мэдээллийг байрлуулахаа мартаж болохгүй.
Дүгнэлт
Хэрэглэгчид маань бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа зар сурталчилгаа үзэхээс илүү хайлтын системийг ашиглах явдал ихэссээр байна. Онлайн бизнест мэдээж хэрэг вэб сайтаар ирэх зочлогсдын тоо чухал. Тэр дундаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах магадлалтай харилцагчдын урсгалыг авч байх нь борлуулалтын хэмжээнд багагүй нөлөөтэй. Тэгвэл хэрхэн зорилтот харилцагчдынхаа цахим орчинд хийх хайлтанд их өртөж үнэгүй урсгалыг вэб сайтдаа авах вэ? Хэрэглэгчдийнхээ хайлтанд хэрэглэх магадлал өндөр үгүүдийг олоод Хайлтын системээ оновчлохын зэрэгцээ хамгийн гол нь тэдэнд үнэ цэнэ өгөх, асуултанд нь хариу өгөх блогийг тогтмол бичиж байх нь цахим орчин дахь байр суурийг тань нэмэгдүүлдэг.
Т.Солонго