Менежмент

Их эзэн Чингис хааны эзэмшсэн менежментийн 15 чадварууд


Сүүлийн үед миний бие эх түүхээ шимтэн унших болсон бөгөөд энэ явцдаа тухайн үед Чингис хаан өнөөгийн менежментийн ухааны нэлээд чадваруудыг шаггүй эзэмшсэн нэгэн байсаныг олж мэдэж энэ тухай бичиж тэмдэглэсэнээ бизнес эрхлэгчдэд хэрэгтэй байх нь гарцаагүй учир вэб сайтдаа орууллаа.    

27 настай идэр залуу Тэмүжинг Хамаг Монгол улсын хаан ширээнд залсан 1189 он бол Монголын тулгар төрийн түүхэн чухал үе болсон юм. Тухайн үед түүн шиг 12 хаан байсны хэн нь ч цэрэг зэвсэг, нэр сүрээрээ Тэмүүжингээс дутахааргүй байжээ. /Монголчууд цахим түүхээс/ Тэмүжин 15 жилийн дотор буюу 1189-1206 оны хооронд тэр бүх хаадыг доройтуулан дарж, Их Монгол улсыг байгуулсаны нууц юунд байсан бэ?

1. Суралцсан -Тэрээр эхлээд Жамухтай нөхөрлөн андынхаа хүчээр дээдсийн хүрээнд онцгой эрх хэмжээтэй болсон. Энэ хугацаанд Жамухыг дагаж түүнээс бас суралцжээ. Одооныхоор бол Жамух түүний андаас гадна mentor байсан шиг байгаа юм. Тэмүжин Жамуха нар холын үеэлүүд боловч өөр ясны улс бөгөөд удам судраа хөөж үзэхэд хоёр нөхөртэй нэгэн эмэгтэйд хүрээд зогсдог. Жамуха тэр эмэгтэйн анхны малчин нөхрийн үр удам бол тэр нөхрийг нь хөнөөгөөд эмэгтэйг авч суусан Бодончар хэмээгдэх ойн анчин гаралтай эрийн удам нь Тэмүүжин ажээ. Тэмүжний хүч, нөлөө нэмэгдэх тусам тэрээр нэг зүйлийг ойлгож байсан юм. Жамух хаан болох үйлстээ Тэмүжиний туслалцааг авахыг хүсэж байсан нь хэн нэгний туслагч биш өөрөө хаан болох алсын санаа, зорилготой байсан Тэмүжиний хувьд түүнээс салж явах шийд гаргахад хүргэсэн болов уу. Түүнтэй хамт байх хугацаандаа тэрээр түүнээс илүү ухаалаг байснаар зарим иргэдийг өөрийн талдаа татаж чадсан байдаг.

2. Зорилгоо ойлгуулах – Жак Уэтэрфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэсэн Чингис хаан” номонд “Их хуралдайгаар бага тушаалын нэгэн ч гэсэн хэрэг явдлын учир шалтгааныг ойлгож санаа, бодлоо нэмэрлэх боломжтой байсан” гэжээ. Бизнест зорилгоо, хаашаа хүрэхээ ажилтнууддаа сайтар ойлгуулж байх нь компаний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдгтэй адил тэрээр цэрэг эрсийн эргэлзээг арилгаж юуны төлөө тулаанд орж байгааг ойлгуулах нь ямар чухал болохыг мэддэг байжээ.    

3. Бусдад итгэл үзүүлэх – Чингис хаан хүнийг маш сайн таньж чаддаг, нэгэнт таньсан хүнээ шашин шүтлэг, гарал үүсэл нийгмийн зиндаа зэргийг үл харгалзан өөртөө ажиллуулж чаддаг, итгэл өгч дэвшүүлдэг байжээ. Нууц товчоонд өгүүлсэнээр Тайчууд Тэмүжинг барьж хорих явцад Сорхон шар түүнд туслаж оргуулдаг. Садан төрлийн холбоотой Тайчууд гэр бүлий нь үхэхээс наахнуур болгож, өөрийг нь алахаар хайж байхад харь элгийн хүмүүс амь насаа ч бодохгүй түүнд тусалсан нь магадгүй Тэмүжинг ихэс дээдсээс илүү анд нөхөддөө итгэл хүлээлгэдэг, бусдыг өөрт нь хэрхэн зүтгэснээр дүгнэхээс төрөл садан, угсаа гарвалыг нь харгалздаггүй, авьяас чадварыг нь үнэлэн тушаал дэвшүүлдэг болоход нөлөөлсөн гэж үзэж болохоор. 

4. Зохион байгуулалт – Хаан болсныхоо дараа үйл ажиллагаагаа цэргээ бэхжүүлэх ажлаас эхэлж, аян дайн хийхэд ямагт бэлэн байхыг шаардаж, эрх мэдлээ хамгаалж байх 20 мянган хүнтэй хишигтэн цэрэг байгуулж, армиа аравтын зарчмаар зохион байгуулсны зуут мянгатууд нь бие даасан байлдааны үүрэг гүйцэтгэх, харин түмт нь тактикийн зорилгыг хэрэгжүүлдэг байжээ. Бие биедээ ах дүү мэт дотносож дассан арав арван хүнээс бүрдэх аравтын зохион байгуулалтанд шилжүүлэв. Угсаа гарвалаас үл хамааран хамтдаа тулалдахыг тэдэнд тушаасан ба тулалдааны талбарт хэн нэгнээ орхиж дайсанд олзлуулахыг цаазлан хорьсон байдаг. /Монголчууд цахим түүхээс/

5. Стратегич болон цэргийн урлагийн түүхэнд алдаршсан билээ. Байлдааны үед отолт хийх, залилан мэхлэх аргуудыг байнга хэрэглэж, морин цэргийн маневрыг чадварлаг гүйцэтгэдэг байсан. Түүний түгээмэл хэрэглэдэг тактикийн нэг нь худлаа ухарч байгаад отоонд оруулдаг арга юм. Энэхүү аргыг түүний итгэлт жанждууд болох Зэв, Сүбээдэй нар гүржтэй тулалдах үедээ чадварлаг ашигласан байдаг. Сүбээдэй довтлон орохдоо агшин зуур ширүүн тулалдаан өрнүүлж, улмаар гэв гэнэт зугатаад мөрдөн хөөгчдийг Зэв жанжны отооны цэрэг рүү дагуулан аваачжээ. Гүржийн цэрэг тэнд хүрээд эргэсэн боловч хоёр талаасаа хүчтэй цохилтод өртөн бүгд бут ниргүүлсэн байна гэжээ. /Монголчуудын түүхэнд тодорсон 33 цуут жанжин номоос/

6. Судалгаа – Найдвартай мэдээлэл, судалгаан дээр үндэслэн дайны бэлтгэлээ тун чанбай бэлтгэдэж, цэргийнхээ техникийг тулалдаан бүрт сайжруулж, дайснаасаа ч суралцаж чаддаг байсан. Их цэрэг хөдлөхийг өмнө туршуулын анги явж хүн малын амны ус, цаг агаар, өвсний гарц зэргийг танддаг байсан. Тэд очсон газар орны эд баялаг бүхнийг урьдчилан мэдэхээс гадна гарцаагүй шаардлагатай үед ухрах зам харгуйг ч байнга судалдаг байв.

7. Урам зориг – Дайны олзноосоо алагдсан цэргүүдийн ар гэрт нь хуваарилж байхыг тушаасан нь ядуусын дэмжлэгийг хүлээгээд зогсохгүй, дайнд амь үрэгдсэн дайчдын ард үлдсэн гэр бүлийг нь харж асарна гэдгийг ойлгосон цэргүүдэд урам зориг өгч байжээ. /Монголчууд цахим түүхээс/

8. Нэгдмэл байдлыг бий болгосон – Олон янзын арга, тактиктай хамгийн гол нь хоорондоо хамтарч ажилладаг, дуулгавартай захирагддаг армийг бий болгосон бөгөөд их засаг хуулиараа албат иргэдээ дотор нь хагаралдуулах шалтгаан бүрийг устгахыг зорьсон.

9. Технологийн дэвшилийг ашиглах – Чингис хаан очсон газар бүртээ эрдэмтэй хүмүүсийг дуудаж ирүүлэн ямар чадвартай, түүнийг нь улсдаа хэрхэн ашиглаж болох талаар асууж, лавладаг улмаар байлдан дагуулалт бүрийн дараа байлдааны зэр зэвсгээ улам боловсронгуй болгож сайжруулж байлаа. /Монголчууд цахим түүхээс/

10. Бодлого – Эмч, хуульч, багш, эрдэмтэн зэрэг нийтэд тустай үйлчилгээ эрхэлдэг чухал ажил мэргэжлийг татвараас чөлөөлсөн. /Монголчууд цахим түүхээс/

11. Олон нийтийн сэтгэлийг жолоодох суртал ухуулгын ажлыг Тэмүжин нэг үндсэн зэвсгээ болгосон юм. Зогсолтгүй суртал ухуулга хийж дайснаа айдас түгшүүрт оруулж байлаа. 

12. Мэдээлэл түргэн хүргэх -Тушаал зарлигийг холбогдох хүнд түргэн шуурхай хүргэхийг Чингис хааны зарлага хэмээх өртөөний алба хариуцдаг байсан.

13. Маневр – монгол цэрэг гал асааж унд хоол хийлгүйгээр арав хоног довтолгох бөгөөд мориныхоо цусыг ханаж уугаад 5 кг орчим ааруул, 500 гр орчим ус ширэн хавчигнаасаа авч уух зэргээх хооллодог байв. Тэд мөн борц хэмээх зүсч хатаасан мах, ааруул явуут дундаа идэж өл залгана. Уургаар хооллодог учир яс, шүд сайтай, эрүүл чийрэг байсан гэжээ.

14. Дайчдаа сайн мэддэг байсан. Чингис хаан өөрийн урьд өмнөх тулалдаануудын сургамж, цэрэг дарга нараа сайн мэддэг зэрэг нь давуу тал олгодог байлаа. Жишээ нь: Зэв түргэн хугацаанд ширүүн тулалдаж, санаанд оромгүй арга хэрэглэн дайчдаа зоригжуулж чаддаг. Гэтэл өөр нэгэн жанжин Мухулай бол алгуур, арга барил сайтай байлддаг бөгөөд удаан хугацаанд үргэлжлэх илүү өргөн хүрээтэй ажиллагааг үр дүнтэй явуулдаг байлаа.

15. Залгамжлагчаа бэлдэх. Чингис хаанаас хойш өрнөсөн түүхэн үйл явцуудаас харахад Их хаан энэ тал дээр бага анхаарал хандуулсан нь түүний үр хүүхэд, ач, гуч нарын дунд өрнөсөн эрх мэдэлийн төлөөх тэмцэлээс харж болно.  

Түүний амжилтын нууц нь эв нэгдэл, сахилга бат, өндөр зохион байгуулалт, арга тактик, удирдагчидаа тууштай үнэнч армийг бий болгосон явдал байжээ. Гэтэл энэхүү эв нэгдэлийг бий болгох нь ямар хэцүү болохыг тэрээр хэлэхдээ “Сайн тактик, эрэлхэг цэрэгтэй байхад ямар ч цэргийг ялж болно. Харин хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмдэж байж улс үндэснийг удирдана” хэмээн илэрхийлсэн байдаг. 

Чингис хаан тухайн үедээ наран ургах нэг захаас наран жаргах нөгөө зах хүртэл өрнө дорныг холбосон соёл, худалдаа наймааг хөгжүүлсэн, амар амгалан бүхий эзэнт гүрэн байгуулж, дэлхий ертөнцийг нэгэн дээвэр дор нэгтэх их зорилгын төлөө явсан.

Монгол улсад өнөөдөр их зорилгын төлөө явах олон старт апууд төрөх хэрэгтэй байна. Тэгж байж л эдийн засгийн хувьд тусгаар тогтнолоо бид баталгаажуулж чадна. Дээр дурдагдсан чадварууд болон арга тактикуудыг харж байхад бүгд өнөөдөр амжилттай яваа гадны болон дотоодын томоохон компаниудын удирдлагуудын арга барилд тодорхой хэмжээгээр шингэсэн байх чадварууд болохыг харж болно.