Ажлаа хэрхэн цахим орчинд байршуулж орлого олох вэ?
Ямар ч асуудалд хэрэв бид олж харж чадвал давуу талууд байдаг. Миний хувьд хөл хорио ямар давуу талуудыг бий болгож байна вэ?
1. Өмнөхөөсөө илүү ихээр фитнесийн дасгалаа хийх боллоо. Өмнө нь хэзээ ч 7 хоногт 3 удаа хийж чаддаггүй байлаа. Одоо бол яг хэвшил болсон.
2. Илүү эрүүл хооллох боллоо. Гуанзны хоол идэхгүй, өдөр гэртээ сайн хоол идчихээр орой 6-с хойш махан хоол идэх хэрэггүй болж эрүүл, зөв хооллож байна.
3. Гэр бүлдээ илүү их цаг зарцуулах боломжтой боллоо. Хүүхдийнхээ хичээл, хүмүүжилд анхаарал хандуулах, хамт тоглох боломж илүү их болсон.
4. Зурагт үзэхгүй, англи хэл дээр кино их үзэх болсон тул англи хэл сайжирч байна.
5. Өмнө нь танхимаар хичээл заадаг байхад нэг ярьсан зүйлээ байнга давтаж ярих ажилд их цаг зарцуулдаг байсан бол цахим орчинд сургалтаа байршуулчихаар байнга сургалт хийх хэрэггүй болж, хэрэгтэй хүнд нь цахимаар хичээлээ олгоод, тэр цагаа илүү хэрэгтэй зүйлд зарцуулах боломжтой боллоо.
Хэрхэн гэрээсээ орлого олох вэ?
Танд ямар нэг чадвар байж л байгаа. Жишээ нь: Та excel програм дээр сайн ажилладаг байж болно, эсвэл гитар тоглож чаддаг байлаа гэхэд тэр чадвараа хичээл болгоод хэрэгтэй хүмүүсээ фэйсбүүкээс олоод борлуулаад байх боломжтой.
Та магадгүй би хангалттай сайн биш болохоор хичээл заах хэмжээнд биш гэж өөрийгөө голж байгаа бол тийм биш юм гэж зөвлөе. Учир нь гитар тоглож сурах гэж буй хүн хэзээ ч шууд л мэргэжлийн хэмжээнд тоглодог болно доо гэхгүй байх. Ихэнх нь эхлээд нэг хоёр ая гайгүй тоглоод сурчихья, нот авиаг нь гитарын утсаар хэрхэн дугаргах вэ? гэсэн л бодолтой байдаг байх.
Ажил төрлөө, чадвараа хэрхэн цахим орчинд байршуулж орлого олох талаар хэд гурван зөвлөгөө орулъя.
1. Фэйсбүүк пэйж /групп нээх – Цахим орчин дахь таны ажлын өрөө. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн пэйжийг хараад анхны сэтгэгдэл төрүүлдэг хэсэг нь пэйжний cover хэсэг буюу хамгийн дээр байрлах зурагт танилцуулга байдаг тул өнгөний зохицол, харагдах байдал зэрэгт нь багагүй анхаарал хандуулах хэрэгтэй. Хүн бүр фотошоп дээр ажиллаж чадахгүй тул чаддаг хүнээр нь хийлгэвэл зүгээр. Хэрэв өөрөө хийе гэвэл Canva гээд програмыг ашиглаад үзээрэй.
2. Сонирхолтой контентууд тогтмол пэйждээ оруулдаг байх. Хүмүүсийн хамгийн их гаргадаг алдаа бол фэйсбүүк хуудсандаа зөвхөн сурталчилгаагаа л оруулаад байдаг. Дан сурталчилгаа л оруулаад байвал таны пэйж сонирхолгүй, уйтгартай байх болно. Дахин дахин зочилдог талбар болгосноор ямар давуу талтай вэ? Ихэнх хүмүүс сурталчилгааг нэг хараад шууд шийдвэр гаргадаггүй. Ялангуяа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өндөр байх тусам судлах хэрэгтэй болдог, “за тэгж байгаад болъё” гээд өнгөрдөг. Хэрэв та тогтмол сайн контент оруулдаг бол, жишээ нь сургалтынхаа зарим хэсгээс оруулдаг бол итгэл нэмэгддэг, хүмүүс хэнээс худалдан авалт хийдэг билээ? Итгэж байгаа хүнээсээ.
3. Сайн контент хийчихлээ одоо хэрхэх вэ? Түгээх хэрэгтэй. Фэйсбүүкийн төлбөртэй сурталчилгааг нь сайн хэрэглээд сурах хэрэгтэй. Аль контентийг сурталчлах вэ? Хэрхэн зөв хүмүүст сурталчилгаагаа харагдуулах вэ? Хэдэн цагийн үед харагдуулах вэ? Ямар сонирхолтой хүмүүст харагдуулах вэ? Хэрхэн бага зардлаар сурталчилгаагаа хүргэх вэ? гэх зэргийг хэрхэн фэйсбүүк сурталчилгаандаа тохируулахыг мэддэг байвал илүү бага зардлаар олон хүнд хүрэх боломжтой.
4. Байнга дүн шинжилгээ хийдэг байх. Дүн шинжилгээ сайн хийж чаднаа гэдэг бол угтаа ажлаа илүү сайжруулах боломжтой болноо л гэсэн үг. Таны хийж буй ажил, сурталчилгаа сайжрах тусмаа зардал багасна. Фэйсбүүк пэйжний Insight хэсгийг байнга үздэг байх. Цаашлаад A/B test хийгээд сурчихвал сурталчилгаагаа байнга сайжруулах боломжтой болно.
5. Таны ажил сайжирчихлаа фэйсбүүкт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулдаг болчихлоо дараа нь яах вэ? Өөр сувгуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Жишээ нь: Инстаграм, Youtube, Гүүглээс урсгал авах, г.м. Вэб сайттай болсноор гүүглээс үнэгүй урсгал авах боломжтой. Гэхдээ фэйсбүүк хуудас шиг богино хугацааны ажил биш, илүү урт хугацааны ажил ч гүүглд нэг байр сууриа олчихвол байнгын тогвортой үр дүн байдаг юм.
Цар тахлын үед бид хэрхэн ажиллах вэ? Хэрхэн өөрт байгаа нөөц, бололцоог зөв ашиглаж орлого олох боломжтой вэ? Боломж бол хэзээд байдаг. Гол нь тогтмол, тууштай хийж чадах уу?