Facebook зар сурталчилгаа хийхэд анхаарах 29 зүйл
Фэйсбүүкт сайн зар сурталчилгаа хийхэд юу анхаарах талаар бичээд байсан чинь нийт 29 зүйл боллоо. Дагагчдынхаа итгэлийг олж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахын тулд эдгээр аргачлалуудаас өөрт тохирохыг сонгоод хэрэглээд үзээрэй.
1. Хамгийн чухал мэдээллээ танилцуулга текстийнхээ аль болох дээгүүр оруулах хэрэгтэй. Хэрэв та хөнгөлөлт зарлаж байгаа бол энэ тухайгаа эхний өгүүлбэрт л оруулчих.
2. Эможи дүрс ашиглах.
Та магадгүй эможи үр дүнгүй гэж бодож байж болох ч энэхүү дүрс нь фэйсбүүкт хүмүүсийн анхаарлыг татахад багагүй үр дүнтэй байдгийг судалгаагаар нотлогджээ.
3. Хэлье гэсэн санаагаа аль болох товч тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Сошиал орчинд хүмүүсийн анхаарал багахан хугацаанд л төвлөрдөг бөгөөд энэ нь хэрэв сурталчилгаа байвал улам л багасдаг. Тэгэхээр хамгийн гол мессеж нь юу байх вэ? гэдэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Таны зорилго бол тэдний сонирхлыг нь татах явдал болохоос, бүх зүйлээ нэгд нэгэнгүй тоочих явдал биш юм. Тэднийг өөрсдөө илүү ихийг олж мэдэхийг хүсүүлэх нь гол зорилго байвал сайн. Танилцуулгынхаа доор илүү ихийг үзэх боломж олгох вэб сайтын холбоос байрлуулахаа мартаж болохгүй.
4. Зураг ашиглах.
Сонирхолтой, чанартай зургаар анхаарлыг нь татах. Танилцуулга тексттэй холбоотой зураг олоход анхаарах хэрэгтэй. Ашиглаж буй зураг нь хэрэглэгчдийнхээ урам зоригийг төрүүлж чадаж байвал сайн. Болж өгвөл хэрэглэчдээ судлан тэд юу хүсдэгийг, юунаас урам зориг авдаг болох талаар олж мэдээд холбоотой зураг сонгох хэрэгтэй.
5. Хөнгөлөлт болон тусгай нөхцөл, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал боломж санал болгосноор бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхогчдыг идэвхжүүлдэг тул ашиглаж байвал зүгээр байдаг. Хүмүүс ямар нэг тусгай саналыг өнгөрөөх дургүй учраас яг одоо худалдан авалт хийхгүй бол дахиж энэ боломж олдохгүй нь гэсэн утгыг илэрхийлснээр борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой юм.
6. Хэрэглэгчдийнхээ сонирхолд нийцсэн танилцуулга бэлдэх хэрэгтэй. Та өмнө нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сонсож байгаагүй шинэ хүмүүст хандаж байна уу эсвэл өмнө нь таны контентуудыг үзэж байсан хүмүүст хандаж байна уу гэдгээс хамаараад өөр өөр хандлагаар хандах хэрэгтэй.
Жишээ нь: эхний ангилалд багтах хүмүүст хүрэх гэж байгаа бол өөрийгөө хэн бэ гэдгийг, ямар туршлагатайгаа, яагаад таниас худалдан авалт хийх ёстой вэ? гэдгийг хэлэх ёстой бол хоёр дахь ангилал дахь хүмүүст яагаад тэд таны санал болгож буй тусгай боломжийг алдаж болохгүй байх талаар хэлэх хэрэгтэй.
Дараа нь урам зоригийг нь бадраах дараагийн түвшинд хүргэх, идэвхжүүлэх хүчтэй үгүүдийг ашиглахаа мартаж болохгүй. Хэрэглэгчдээ хэн гэдгийг нь сайн мэдэж тэдэнтэй тэдний мэддэг хэлээр нь ярилцаж байж л тэдэнд нөлөөлнө.
7. Дараагийн чухал ойлголт бол сошиал баталгаа юм. Хэрэв таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд харилцагчдын эерэг сэтгэгдэлүүд байгаа бол түүнийгээ сурталчилгаандаа ашиглавал түүнээс илүү баталгаа гэж байхгүй шүү.
8. Статистик ашиглах.
Яагаад хүмүүс таны бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах ёстой вэ гэдгийг тоон үзүүлэлтээр харуулж болно. Ингэхдээ зөвхөн баталгаатай эх сурвалжийн мэдээллийг л ашиглахад анхаарах. Үгүй бол итгэхгүй бөгөөд брэндийнхээ нэр хүндийг унагах эрсдэлтэй байдаг.
9. Өрсөлдөгчид тань юу хийж байгааг ажиглах.
Тэд ямар контент хийж байна вэ? Ямар сурталчилгаа илүү үр дүнтэй байна? Ямар нэг шинэлэг аргыг өөрөө туршаад үзчихэж болох ч өрсөлдөгчдөө сайн ажигладаг байснаар амжилтгүй туршилтанд цаг, мөнгөө үрэхгүй байх боломжтой болно.
10. Гарчиг.
Зорилтот хэрэглэгчдийнхээ анхаарлыг татах сонирхолтой бөгөөд товч, тодорхой гарчиг өгөхөд анхаарах хэрэгтэй.
11. Call to action оруулах.
Дээрээс нь нэмээд санал болгож байгаа зүйлээ тайлбарлах, яаруулах, сошиал баталгаа зэргийг оруулбал сайн. Хандалт сайн пост оруулахын тулд хэдэн дүрэм мөрдөх хэрэгтэй.
12. Асуултаар эхлэх.
Ихэнх хүн тэдний саналыг өөрсдөөс нь асуухад дуртай байдаг. Сонирхол татах сайн асуулт олсноор хариулт өгөхийн хэрээр пост дахь хандалт нэмэгдэх болно. Мэдээж бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ холбоотой асуулт асуувал зүгээр. Эсвэл танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой салбарын асуудлыг ч хөндөж болно.
13. Тун хэмжээ нь таарсан хөгжилтэй өнгө аяс оруулаад өгвөл гарцаагүй сайн үр дүнтэй байдаг.
14. Хэрэв та борлуулалт хийхийг хүсэж байгаа бол харилцагчидтайгаа харилцаа үүсгэх хэрэгтэй бөгөөд сэтгэл хөдлөлийг нь хөдөлгөөд үзэхэд гэмгүй. Тэдэнд ойр байх түүх өгүүлэх байдлаар сэтгэлийг нь хөдөлгөвөл үр дүнтэй байх боломжтой. Сэтгэлийг нь хөдөлгөж чадвал мэдээж тэдэнд нөлөөлж идэвхжүүлэх боломжтой болно.
15. Вэб сайт дахь газардах хуудасны болон сурталчилгааны контентийн агуулга, загвар адил байх.
16. Тухайн постоо тогтмол хийж байх нь сошиал орчинд хүчтэй трэнд бий болгоход чухал үүрэгтэй байдаг.
17. Хийж байгаа контентуудаа нэг ижил хэв маягтай байлгах тал дээр анхаарах хэрэгтэй.
18. Хэтэрхий их “манай бүтээгдэхүүнийг аваарай” гээд байвал дагагчид тань залхаад яваад өгнө гэдгийг мартаж болохгүй.
19. Дагагчдынхаа итгэлийг нь олохын тулд өөрийн түүх, блог, судалгаа зэргийг тогтмол оруулж байх.
20. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ яагаад илүү болохыг, ямар онцлог давуу талуудтай болохыг хэлж ойлгуулж байх. Хөшигний ард юу болдог буюу тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн хийдэг талаар пост бэлдэж оруулж байвал итгэл төрүүлэхэд чамгүй нөлөө үзүүлдэг.
21. Тохиромжтой цагт буюу танай дагагчид аль үед илүү идэвхтэй байна тэр үед постоо оруулж байвал сайн. Page-ийнхээ Insights хэсгээс энэ талаарх мэдээллийг төвөггүйхэн авчихаж болно.
22. Хэрэв эхний ээлжинд олон дагагчид байхгүй бол тэднийг ирэхийг хүлээгээд байх хэрэггүй. Таны брэндтэй холбоотой байж болох пэйж, груп олоод тэнд буй хүмүүстэй харилцаа тогтоож болно. Тухайн харилцаандаа илүү үнэ цэнэтэй байхын тулд өөрийн пэйж рүү заах холбоос тавих, блогоо байрлуулах замаар хэрэгтэй урсгалыг аваад байж болох юм.
23. Call to action-г заавал оруулж байх. Та ямар нэг зүйл зарсан ч бай, үгүй ч бай ямар нэг байдлаар тэднийг үйлдэлд дуудаж байх хэрэгтэй. Хэрэв үүнийг оруулахгүй бол брэндээ өсгөх боломжоо тэр хэрээр алдсаар байх болно.
24. Туршиж үзээд аль илүү сайн үзүүлэлттэй постоо бүүст хийж байх.
25. Хэрэглэгчдийнхээ сонирхлыг татах блог бэлтгэн сайт болон пэйждээ оруулж заншвал урт хугацааны, тогтвортой үр дүн өгдөг.
26. Эможиг хэтрүүлж хэрэглэж болохгүй бөгөөд анхаарал татах гол санаануудаа хүчитгэж өгдөг байвал сайн.
27. Сэтгэл зүйг ашигладаг байх.
Алтан дүрэм бол эхлээд анхаарлыг нь татаад, дараа нь итгэл төрүүлээд, тэгээд худалдан авалтад ятгах гэсэн дараалал юм.
28. Хүчтэй үгүүдийг хэрэгтэй газар нь хэрэглэдэг байх хэрэгтэй. Түүнээ сошиал баталгаагаар бататгахын зэрэгцээ яагаад таны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгтэй болохыг тэдэнд тулгардаг асуудалтай нь холбож тайлбарлавал сайн.
29. Хаштаг # ашигладаг байх. Ялангуяа инстаграмд оруулж буй постдоо тренд үг дээр хаштаг оруулж байх. Өөр орхигдсон санаа байвал сэтгэгдэл хэсэгт оруулаарай.