Бидний ухаалаг, авсаархан ертөнц
2014 оны зун Самсунг Корпорацийн шинэ технологийн төвөөр зочлов оо. Ойрын жилүүдэд худалдаанд гаргахаар зэхэж буй шилдэг шинэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд танилцуулах зорилготой, дэлхий нийтийн хандлага, ирээдүй хаашаа зүглэж байгааг харж болмоор үнэхээр л мэлмий баясгасан газар байлаа. Тухайн үед үзүүлэнд байсан томоо гэгчийн хотгор дэлгэцтэй зурагт саяхнаас И-мартаар зарагдаж байгаа сурагтай.
Түүнээс гадна миний сонирхлыг хамгийн ихээр татсан зүйл бол гар утсаа хэдхэн тоншоод л гэрийн орны ажлаа зохицуулах боломжтой ухаалаг шийдлүүд. Залуу, шинэхэн гэрийн эзэгтэй байсныг хэлэх үү, гэрийн ажил хичнээн хийсэн ч барагддагүй залхуутайг хэлэх үү, ямартай ч хэдхэн жилийн дараа “гэрийн ажилд дарагдаад” гэдэг шалтаг моодноос гарна гэхээр урамтай санагдсан. Тоос сорогч өөрөө ажиллаж, шал арчигч өөрөө шалаа арчиж, хөргөгч өөрөө хүнсээ захиалж хаалганы үүдэнд авчирна. Гэрийн эзэгтэй цахим сүлжээгээр дамжуулан “том босс”-ын дүрээр үүрэг өгөөд, ухаалаг техникүүд өмнөөс нь амралт нэхэлгүй ажиллах болно. Энэ бол бодит байдал. Хэдхэн жилийн дараа та бидний энгийн хэрэглээ болох нь гарцаагүй.
Ерөөс дэлхий нийт технологи гэсэн шинэ парадигмт шилжсэн. Тэр ч байтугай дэлхийн томоохон их сургуулиуд роботуудын этикийн асуудлыг гарган тавьж, эрх зүйн хариулт өгөхөөр судалж байна. Бүр энгийнээр харъя. Та бидний дунд онлайн худалдаа хийж үзээгүй хэрэглэгч хэр олон байгаа бол? Тав, аравхан жилийн өмнө нийтэд ойлгомжгүй байсан энэ процесс интернэтийн хөгжлийн ачаар улам төгөлдөржиж “сонголтын эрх чөлөө”-г гарын дор авчирлаа. Төлбөр тооцоо, захиалга, хүргэлт гэх мэт адармаатай ажлууд хурууны өндөг хүрэх төдийд л шийдэгдэж байна.
Үнэндээ бид дэлхийн бөмбөрцөг дээр амьдарч л байгаа бол хөгжсөн хөгжөөгүй, эсвэл мэдлэг үйлдвэрлэдэг, үйлдвэрлэдэггүй эсэхээсээ үл хамаарч энэ хэв маягт дасан зохицож урагшлах болно.
Өнгөрсөн хавар өөрийн чихээр очиж сонссончлон, Европын холбоо “Нэгдсэн Дижитал Зах Зээл” гэх төслийг хэрэгжүүлэн старт-ап, жижиг дунд бизнесүүдээ онлайн дахь орон зай, цаг хугацааны хүлээсгүй, ‘хязгааргүй’ боломжоор дэмнэхээр ажиллаж байна. Дижитал орчинд бараа, үйлчилгээ чөлөөтэй урсаж, үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид нэгэн зэрэг саадгүйгээр нэвтрэхийн ‘гоё сайхан’-г тэд онцолж байлаа. Ерөөсөө л боломж бас ашиг шүү дээ.
Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн орон зай, цаг хугацааны гинжинд үл захирагдах авсаархан ухаалаг ертөнцийг бүтээж, хүн болгоныг оролцохыг урьж байна. Улс орны хөгжлийн түүчээ болсон бизнесийнхэн бэлэн үү? Та бэлэн үү?
@ganaatsag