Контент маркетинг | Фэйсбүүк

Фэйсбүүк дэх Page буюу хуудсандаа юу постлох вэ?


Фэйсбүүкийг хэрэв үр дүнтэй ашиглаж чадвал гайгүй сайн сурталчилгааны суваг болохыг та бүхэн анзаарсан байхаа. Page нээх нь тийм ч хэцүү биш, 1 минут ч хүрэхгүй хугацаанд нээчих боломжтой. Гол асуудал нь тогтмол давтамжтай постууд оруулна гэдэг харин толгой өвтгөсөн асуудал байдаг.

“Юу пост хийх вэ” гэсэн асуултууд бидэнд байнга тулгардаг л даа. Ажиглаад байхад байгууллагууд ихэвчлэн хэт их сурталчилгаа оруулах, мөн нэг л төрлийн контентууд пост хийх хандлагатай байдаг нь хэрэглэгчидээ уйдаах, залхаах талтай байдгийг анхаарахад илүүдэхгүй. Бид ч гэсэн заримдаа тийм алдаа гаргах гээд байдгаа хүлээе.

Энэхүү нийтлэлээрээ бизнес эрхлэгчид болон маркетеруудтай зарим нэг хэрэгжүүлж болох постуудын санаанууд интернетээс олсоноо хуваалцья гэж бодлоо. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлж чадвал мэдээж танай байгууллагад хэрэгтэй like, share, сэтгэгдлүүдийг цуглуулаад зогсохгүй юу юунаас үнэтэй тэдний итгэлийг олоход туслах нь дамжиггүй. 

1. Хэрэглэгчдээсээ өөрт тулгарч буй ямар нэгэн асуудалд зөвлөгөө асуух 

Хүмүүс алив асуултанд хариулт өгөх, тулгарч буй асуудалд зөвлөгөө өгөхдөө сайн байдаг учраас энэ төрлийн пост нь амжилттай болох талтай байдаг. Мөн тэднийг асуудлаа амжилттай шийдэхэд нь туслах асуултууд асууж болно. Жишээ нь: Манай нэг дагагч …. дараах асуулт асуусан байна. Та бүхэн энэ талаар юу гэж бодож байна вэ?

2. Шагналт тэмцээн уралдаан зохион байгуулах

Бүгд л тэмцэлдэх дуртай байдаг. Тэмцээн зохион байгуулж болох олон төрлийн л эпликэйшнүүд байдаг. Жишээ нь: Heyo, TabSite, ShortStack,.. 

3. Судалгаа явуулах 

Судалгаа бол санал, бодол өрнүүлэх боломж олгохоос гадна хэрэглэгчдийнхээ талаар гүнзгий мэдээлэлтэй болох боломж юм. Surveymonkey-г ашиглавал зүгээр санагдсан. Гэхдээ судалгаанд оролцогчиддоо бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хөнгөлөлт ч юм уу тиймэрхүү зүйл санал болгохгүй бол хүссэн тооны хариулт авахгүй байх талтай. Судалгааны асуултын санаа:

  • Таньд тулгарч буй хамгийн том бэрхшээл, саад юу байна вэ? 
  • Биднийг ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгоосой гэж та бодож байна вэ? 

4. Судалгааныхаа үр дүнгээ нийтлэх

Хэрэв цуглуулсан мэдээлэл дагагчидад сонирхолтой бол тэрхүү мэдээллээ тэдэнтэй хуваалц. Тухайн судалгааныхаа үр дүнг цахим хэлбэрээр үнэгүй санал болгоод оронд нь харилцагчдынхаа имэйл хаягуудыг нь авч бас болно. 

5. Сэтгэл сэргээх, урам зориг өгөх зурган постууд оруул

Сөрөг мэдээлэл их болсон өнөө үед урам зориг өгөх өгүүлбэр, зураг оруулахад зүгээр. 

6. Болох гэж буй баяр, тэмдэглэлт өдрүүдтэй холбогдуулан мэндчилгээ бүхий пост оруулах

7. Блогоо оруулахдаа

Блогоо пост хэлбэрээр оруулахдаа тайлбаргүй зүгээр оруулчихаар ямар нэг зүйл дутагдаад байдаг. Тухайн блогийн талаар ерөнхий ойлголт өгөх жижиг тайлбар оруулчихвал сонирхол татаж орж үзэх хандалтанд нөлөөлдөг. # хэрэглэхээ битгий мартаарай!

8. Хуудсан дахь дагагчиддаа тусгай хөнгөлөлт зарлах 

Харц булаах зураг ашиглан хөнгөлөлтөө сурталчилбал зүгээр бөгөөд энэ нь танай хуудсан дахь харилцагчдыг идэвхжүүлнэ. 

9. Харилцан уялдаа бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээтэй байгууллагын мэдээллийг оруулах

Бие биеийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцан сурталчилах нь нөгөө талаас харвал нэгэн хэвийн постуудаас сэргийлэх арга юм. Гэхдээ мэдээж өрсөлдөгч байгууллагынхыг биш л дээ. Фэйсбүүкийн дагагчиддаа тухайн байгууллагын хуудсанд like дарахыг санал болгож болохоос гадна харилцан постуудаа share хийх байдлаар хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж. 

10. Сонирхолтой хийж буй ажлын явцаа пост хийх

Өдөр бүр ямар нэг ажлын үйл явц, байдлыг пост оруулж болно. Жишээ нь: өдөр тутам хийж буй дасгалаа оруулах. 

11. Ямар нэг зүйл хэрхэн хийх тухай заавар оруулах

12. Салбарын асуудлыг хэрхэн шийдэх тухай мэргэжилтний зөвлөгөө, ярилцлага

13. Хувийн пост оруулах

Өөрийн хувийн зураг болон түүхээ оруулж болно. Энэ нь танай байгууллагыг томоохон байгууллагуудаас ялгаж дагагчидтай тань илүү ойртуулж өгөх болно. 

14. Заавал төгс байх гэж битгий оролд

Заавал төгс бай гэж хэн ч хэлээгүй. Хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа зүйлээ бусадтай хуваалцах нь компьютерийн цаана амьд хүн байгаа гэдгийг илэрхийлэх болно.

15. Ажилтнуудынхаа болон оффисын зургаа оруулах

Ажлын байрныхаа болон ажилтнуудынхаа, эсвэл харилцагчдынхаа зургийг оруулсанаар танай бизнес найдвартай харагдах болно. Ард нь бодит хүмүүс байгааг харуулсанаар илүү итгэл төрүүлэх болно. 

Эдгээрээс аль нь таны бизнест илүү үр дүнтэй байх нь вэ? Та өөрсдийн туршлагаасаа бидэнтэй хуваалцахаа битгий мартаарай.


Similar Posts