Энтрепренер

Миний бизнест тусласан 5 гол хүчин зүйл


Хувийн бизнес эрхэлж байгаа үед зөв ч бай, буруу ч бай байнга шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Шийдвэр зөв байх тусмаа хугацаа хождог. Бизнест мэдээж хугацаа гэдэг ямар чухал болохыг бүгд л мэдэж байгаа байх. Сүүлийн хэдэн жилийн туршлага дээрээ үндэслээд залуучууд, дүү нартаа зорилгодоо хүрэхэд нь хэрэг болох болов уу гэж үзээд хэд гурван зөвлөгөө бичье гэж бодлоо.

1. Зорилго – том байх тусмаа сайн. Ер нь эцэг эхчүүд хүүхдээ хичээл хийсэнгүй гэж үглэж байхын оронд энэ нөхрийг яаж зорилготой болгох вэ гэдэг тал дээр илүү толгойгоо ажиллуулах ёстой юм шиг байгаа юм. Энэ нь чамайг өглөө орноос чинь босгож байх тэр зүйл юм. Том байх тусмаа амьдралын жижиг, сажиг бэрхшээлүүдэд ажрахгүй болдог юм байна лээ.

2. Парето – Мэдээж зорилготой хүн чинь хийж эхэлнэ. Хийхдээ юу хийх вэ гэдэг дээр учиртай хандахгүй бол болохгүй. Нээх их ажил хийгээд л байдаг гэтэл хамгийн гол ажлаа хийхгүй бол яах вэ? Хувийн бизнест бол бүх зүйл өөрөөс чинь л шалтгаална, үр дүнтэй байх эсэх нь буюу орлоготой байх уу үгүй юу гэдэгт нөлөөлнө. Би өмнө нь парето гэж их бичдэг байсан. Товчхондоо бол хийх ёстой ажлуудын чинь 20 хувь нь нийт орлогын 80 хувийг бий болгоно гэсэн санаа. Тэр 20 хувиа зөв олох тал дээр л ихээхэн ач холбогдол өгч чадвал хугацаа их хэмнэнэ!!

3. Томоор нь харах – Их сургуульд байхдаа миний нэг гаргадаг байсан алдаа бол аливаа зүйлийг, жишээ нь тухайн хичээлийг судлаж байгаа бол жижиг хэсгийг нь төгс болгох гээд нухаад байдаг, үүнээсээ болоод тухайн сэдвээ томоор нь харж чаддаггүй байсан юм. Тухайн нэг жижиг зүйлд хугацаа их зарцуулалгүйгээр гүйлгээд аль болох том дүр зургийг нь гаргаж авах нь ямар чухал болохыг бүр дараа нь СЭЗИС-ийн багш нарынхаа ачаар ойлгож авсан юм. Томоор харахын тулд их унших хэрэгтэй болдог. Томоор харж чаддаг болох тусмаа аливаа шийдвэр гаргахдаа илүү олон хүчин зүйлийг харгалзан үзэх тул шийдвэр гаргалт илүү чамбай болно гэсэн үг. Билл Гейтс, Уоррен Баффет эд нар чинь байнга л уншиж байх юм билээ.

4. Туршлага – уншаад л байдаг хийх ёстойгоо сайн хийхгүй бол ёстой бүтэхгүй шүү. Хэт их уншаад байхаар бас гүйцэтгэл тал дээрээ хаширлаад байх тал байдаг. Алдсан ч хамаагүй хийж байж л тэр ажил чинь туршлага болно, өөрийн болгож чадна. Зарим үед өөртөө хэт тухтай орчинг бий болгочихоод түүнээсээ гарч чадахгүй байгаад байдаг тал ч бий. Гэтэл барьж авахаас зүрхшээгээд байдаг тэр ажлууд чинь илүү их өсөлтийг, үнэ цэнийг авчирдагийг санахад илүүдэхгүй. Гол санаа нь олон зүйлийг оролдож үзэж байж аль нь болохыг, аль нь болохгүйг мэдэж авна.

5. Хамтрагч – Заримдаа өөрийгөө 2, 3 хувилчихвал ч гэж боддог л юм. Зорилго нэгтэй байх хамтрагчаа зөв сонгохгүй бол ганцаараа хол явахгүй. Эхнээсээ хэн нь юугаа хариуцах, цаашид ямар байдлаар хамтарч ажиллахаа илэн далангуй ярих ёстой юм.

Өнгөрсөн хугацаанд өөрийн туулсан замнал дээрээ үндэслээд хамгийн гол гэж үзсэн эдгээр хүчин зүйлсийг онцолж дурдлаа. Магадгүй 5 жилийн дараа эдгээр хүчин зүйлс өөрчлөгдсөн ч байж мэднэ. Эцэст нь хэлэхэд ХАМГИЙН ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ нь тууштай байдал юм шүү дээ. Амжилт хүсье.


Similar Posts