Зурган контент хэрхэн хялбархан бүтээх аргууд
Хараад өнгөрөх төдийд л уншигчдын нүдэнд тусч, сэтгэгдэл үлдээн, улмаар унших хүсэл төрүүлнэ гэдэг бол контент бүтээгчдийн хувьд шүдний өвчин билээ. Ялангуяа олон нийтийн сүлжээнд бол сунжирсан урт текстийг хэнбэгуай ч aлгасдаг болсон цаг шүү дээ. Судалгаагаар зөвхөн олон нийтийн сүлжээнд гэлтгүй зураг эсвэл элдэв төрлийн график, дүрс ашигласан контентийг хэрэглэгчид 2 дахин илүү сонгон уншдаг гэжээ.
Тэгвэл бяцхан туршилт хийцгээе. Доорхи текстийг ганцхан зурагт хуудсанд хэрхэн багтаасныг харьцуулан үзээрэй.
“Тархины дамжуулж буй мэдээллийн 90 гаруй хувь нь зурган байдлаар дамждаг бөгөөд тархи зурган хэлбэртэй мэдээллийг текстнээс 60000 дахин хурдан боловсруулж ойлгодог байна. Мөн түүнчлэн хүмүүсийн 40 хувь нь тексттэй харьцсанаас түүнийг зураг болгон үзвэл илүү сайн хариу үйлдэл үзүүлдэг нь батлагджээ. Учир нь зурган өгөгдлийг боловсруулах явцад тархины тал хувь нь идэвхтэй ажилладаг төдийгүй хүний биеийн нийт өгөгдөл мэдрэгч болон хүлээн авагч эсүүдийн 70 хувь нь нүдэнд байрладаг юм.”

Энэ тохиолдолд текст болон зурган контентийн аль нь илүү ойлгомжтой бөгөөд анхаарал татахуйц байна вэ? Та өөрийн нүүр номондоо алийг нь сонгож нийтлэх байсан бэ? Хэрвээ та зурган контентийг гэж хариулж байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Олон үг нуршилгүйгээр гайхалтай зурган контент бүтээхэд тань туслах зарим хэрэгслүүдийг бид танилцуулж байна.
1. Зураг дүрс бүтээх онлайн платформ Pablo
Та бүхэн Pablo-р нэвтрэн дурын зургаа, өөрийн хүссэн үг, өгүүлэмжийн хамт хэдхэн минутанд үнэгүй үйлдвэрлэж болох нь ээ.

Та Pablo-н 600.000 гаруй зураг, 25 гаруй бичгийн фонтыг ашиглахаас гадна хувийн архиваасаа ч зурагны сонголт хийх боломжтой. Хүссэн контентоо “үйлдвэрлэсний” дараа нүүр ном, жиргээ гээд төрөл бүрийн олон нийтийн сувгаар цацах сонголтыг ч мөн санал болгодог. Pablo-г ашиглахын тулд заавал бүртгүүлэх шаарддаггүй тул дурын хүн өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн маш богино хугацаанд хүссэн контентоо зохиож болдог нь түүний давуу тал юм.
2. Инфографик бэлтгэх болон тайлагнах хэрэгслүүд: Easelly & Piktochart
Инфографикийн чухал хэрэгслүүд болох хүснэгт, график, харьцуулалт зэргийг хамгийн бүтээлч байдлаар үзүүлэх санааг Easelly, Piktochart зэргээс олж болох юм. Аливаа тоон мэдээлэл, судалгааны үр дүн, эсвэл нарийн төвөгтөй процесс гэх мэтийг энгийн хүмүүст ойлгомжтойгоор дүрслэн үзүүлэхэд дизайны чадвар хамгийн чухал гэхэд буруудахгүй.

Харин эдгээр онлайн хэрэгслүүдийг ашигласнаар төсөр бөгөөд хялбархан аргаар контентоо үнэд хүргэж болох юм. Мэдээж мэргэжлийн график дизайнерийн тусламжгүйгээр гэсэн үг л дээ. Жишээ нь: Easelly-д бүртгэлтэй болсноор бэлэн байгаа 4 сая гаруй дүрст графикаас хайлт хийж, өөрийн үзэмжийн дагуу өөрчилж, багахан хугацааны дотор өөрийн гэсэн графиктай болно. Piktochart-н хувьд ч мөн ялгаагүй цаг зав, төсөв мөнгө хэмнэх сайн сонголтуудын нэг яах аргагүй мөн.
4. Зай хэмнэж, бага ачааллах арга: Image optimizers
Контентийг дүрсжүүлснээр илүү олон хүнд хүргэж болно гэдэгтэй та санал нийлсэн байх. Гэвч хичнээн сайн контент бүтээсэн бай, тухайн контентийн хэмжээнээс шалтгаалан вэб хуудасны ачааллах хугацаа удааширвал барьсан загасаа буцаагаад тавьсантай яг ижил. Ялангуяа өнөөгийн “яаруу” нийгэмд хамгийн үнэт зүйл бол цаг хугацаа учраас түүнийг аль болох үр бүтээлтэй ашиглах аргуудыг бид алхам тутамдаа эрэлхийлдэг. Тухайлбал smush.it болон EWWW зэрэг программуудын тусламжтайгаар зургийн чанарыг хэвээр хадгалж, эзлэх зайг шахаж багасгаснаар уншигчдын цагийг хэмнэнэ гэсэн үг.

Дээрх 2 холбоос програм wordpress-н вебсайтуудад тохирдог тул энэ хаягаар ижил төрлийн програм татаж авах боломжтой.
Энэ мэтчилэн ямар нэгэн үнэ, барьцаа төлөлгүйгээр, илүү цаг зав зарцуулалгүйгээр цахим орчинд олон нийтэд хүрсэн, үр ашигтай контент бүтээх боломж хүн болгонд бий. Үнэндээ технологийн дэвшил гэдэг бол хамгийн нарийн төвөгтэй зүйлс энгийн хүмүүсийн гар дээр очиж, тэдгээрийг хэн нэгэн экспертийн тусламжгүйгээр бие даан ашиглах бололцоог л олгодог. Хэн ч таныг мэргэжлийн фотошопчин бай гэж тулгахгүй, харин аливаа боломжийг соргог ашигладаг байхыг шаарддаг тийм нэгэн цаг иржээ.
@ganaatsag