Фэйсбүүкийн сурталчилгааны тайлбар хэсгээ сайн хийх 9 арга
Фэйсбүүкт ч тэр, бусад сошиал сувгуудад ч тэр нэг чухал хүчин зүйл нь гарчиг болон тайлбар хэсэг байдаг. Учир нь контент хэчнээн сайн боллоо гээд эдгээр нь хэрэв сул бол хүмүүс орж үздэггүй. Мөн эхэлж нүдэнд өртдөг хэсэг бөгөөд цааш үргэлжлүүлэн унших эсэхээ шийдэхэд нь нөлөөлдөг гол хүчин зүйлүүд юм.
Фэйсбүүкт сурталчилгаагаа хийхдээ тайлбар хэсгээ сайн хийснээр танай бүтээгдэхүүн үйлчилгээгээ ямар онцлогтой болохыг хэрэглэгчиддээ сайтар ойлгуулж чадах болно.
Тайлбар хэсгийг хэрхэн сонирхолтой болгох вэ?
Туршлагатай маркетеруудын хэрэглэгчдийн анхаарлыг татахдаа хэрэглэдэг 9 технологийг доор орууллаа.
1. Сурталчилгааны тайлбар хэсэг хэрэглэгчдийн сонирхол дагуу байх.
Тайлбар хэсэг аль болох богино, хэрэглэгчдийн сонирхол дагуу байвал сайн.
Маркетингд хэрэглэгчдийн худалдан авалт хийх шийдвэр гаргах үе шат гэх нэг ойлголт байдаг. Эхний шатанд байгаа хүмүүс тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бага ойлголттой байх тул худалдан авалт хийхэд хараахан бэлэн биш байдаг. Сүүлийн шатанд байгаа хүмүүс тодорхой ойлголттой болсон байдаг учраас тэдэнд сурталчилгаа бүхий агуулгаа хүргэвэл илүү үр дүнтэй болдог. Эхний шатанд байгаад нь арай өөр мэдээлэл өгч тэднийг худалдан авалтанд бэлдэх хэрэгтэй.
Маркетерууд аль шатанд байгаа хүмүүст ямар мэдээлэл хүргэх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй.
Эхний шатан дахь хүмүүст зориулсан агуулгыг тухайн бүтээгдэхүүний ашигтай байдлыг нь тайлбарлахаас илүү тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ойлголт өгөх маягийн агуулгатай байвал илүү үр дүнтэй.
2. Өөр хувилбараар туршиж үзэх.
Хэрэв та 18-34 насны эмэгтэйчүүдэд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа бол тэд бүгд таны сурталчилгаанд ижил байдлаар хандалт үзүүлэхгүй л болов уу. Хэрэв тэдэнд хувцас загварын сурталчилгаа үзүүлсэн бол залуучууд хэсэг нь онлайн худалдан авалт хийхийг илүүд үзэж болох юм.
Тэд бүгд яг ижил хариу үйлдэл үзүүлж байгаа эсэхийг мэдэхийн тулд өөр өөр хувилбараар сурталчилгаагаа бэлдэн туршилт хийж үзэж болно. Хоёр өөр хувилбар бүхий сурталчилгаа бэлдээд аль нь илүү хандалт авч байгааг туршиж үзсэнээр хандлагыг нь мэдэж болно.
Аль нь илүү үр дүнтэй байгааг мэдсэн бол мэдээж тэрхүү хувилбараа цааш нь сурталчилгаандаа хэрэглэнэ.
3. Тухайлсан тайлбар бүхий сурталчилгаа бэлдэх.
Хэдийгээр бид бүгд өөр өөр онцлогтой ч өмнө нь бүгд яг ижил төстэй сурталчилгаанууд үздэг байсан. Сонины сурталчилгаа ч тэр, машиных ч тэр ялгаагүй адилхан байсан. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж байна. Шинэ боломжуудын тусламжтайгаар маркетерууд хэрэглэгчдийнхээ илүү нарийн онцлог байдлын талаар мэдээлэлтэй болж, тэрхүү мэдээлэлдээ тохируулж тэдэнд тухайлж хүрэх боломжтой болж байна. Тэр мэдээлэлдээ тохируулж бэлдсэн тайлбар бэлдэх нь тэдэнд илүү нөлөөлөх боломжтой, үр дүнтэй байна.
4. Тайлбар болон зураг нь хоорондоо уялдахаар байлгах.
Таны сурталчилгааны агуулга болон зураг чинь хоорондоо уялдаатай байх ёстой. Хэрэв тэд таны юу хэлэх гээд байгааг амархан мэдэж чадахгүй бол гараад л явчихна.
Хэрэв таны сурталчилгааны агуулга нь юу илэрхийлж байна түүнээ сайтар дэмжих, холбоотой зураг оруулж өгвөл хэрэглэгчид тань таны санал болгож буй зүйлийг илүү сайн ойлгох болно.
5. Үнэ цэнээ ойлгуулах.
Та бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлахдаа зураг болон харагдах байдал зэрэгт нь цаг их зарцуулах ч үнэндээ фэйсбүүкт хүмүүс сурталчилгааг нэг их тоодоггүй, нөлөө бага үзүүлдэг.
Тэдний анхаарлыг татахын тулд агуулгадаа илүү анхаарах хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ тэдэнд ямар үнэ цэнэ өгөх юм гэдгээ сайтар тайлбарлах хэрэгтэй. Өөрийгөө хамгийн шилдэг гээд байхаасаа илүү тэдэнд яаж туслах юм, тэдний амьдралд ямар нөлөө үзүүлэх талаараа тайлбарлавал илүү үр дүнтэй.
6. Фэйсбүүк сурталчилгааныхаа Relevance score үзэх.
Сурталчилгааныхаа агуулгыг зөв эсэхийг мэдэхийн тул та магадгүй хэрэглэгчдээ судлахад багагүй цаг зарцуулах байх. Мэдээж өрсөлдөгчдөө юу хийж байгааг мэдэж байгаа, өөрийн хүрч чадна гэсэн сегмент рүү үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа. Асуулт гарч ирнэ: “Таны боловсруулсан агуулга бүхий сурталчилгаа сонгосон сегментэд нөлөөлж чадаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?”
Хариулт нь Facebook relevance score юм. Энэ нь таны сурталчилгаа сонгосон хүмүүст хэр тохирч байгааг оноогоор илэрхийлдэг фэйсбүүк сурталчилгааны нэг хэрэгсэл юм.
2 өөр сурталчилгаа бэлтгээд нэг хүчин зүйлийг нь өөрчлөөд аль нь илүү үр дүнтэй байгааг энэ оноогоор хэмжин дүгнэж болно.
Хэрхэн шалгах вэ?
Ads manager лүүгээ ороод сурталчилгаагаа сонгоод Adset / relevance score -г харж болно.
7. Ятгах.
Хэрэглэгчид ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхохоосоо өмнө тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь тэдний хэрэгцээ шаардлагыг хэрхэн шийдэх юм гэдгийг мэдэхийг хүсдэг.
Сурталчлагч нар санал болгож буй зүйлийнхээ үнэ цэнийг тайлбарлах, ойлгуулах хэрэгтэй болно. Хэрэв тухайн сурталчилгаа худалдан авалтын шийдвэр гаргалтын эхний шатанд байгаа хүмүүст чиглэж байгаа бол тэдэнд ойлгуулах зорилготой тайлбар бүхий мэдээлэл үнэгүй өгөх хэрэгтэй.
Хэрэв таны бэлтгэсэн мэдээллүүд хэрэгтэй зүйл болохыг итгүүлж чадсан бол тэд худалдан авалт хийх болно.
8. Сонирхлыг нь татах.
Хүн гэдэг байгалиасаа сониуч амьтад юм. Хэрэв бид ямар нэг зүйл сонирхвол, тэр зүйлийнхээ талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Таны сурталчилгааны агуулга бидний төрөлхийн тэр сониуч занг хөдөлгөхөөр байх хэрэгтэй юм.
Ингэхийн тулд сурталчлагчид хэт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж яаралгүй сонирхлыг нь татахуйц байх хэрэгтэй. Сонирхлыг нь татах гэж байна гээд сурталчилгаагаа хэт ойлгомжгүй болгочихож бас болохгүй, мөн хэтэрхий ойлгомжтой биш, балансыг нь олох хэрэгтэй.
9. Олоход хэцүү, ховор байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх.
Ямар нэг аятайхан зүйл алдчих гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээс илүү сонирхол татдаг зүйл гэж байхгүй. Үүнийг англи нэршил нь FOMO буюу fear of missing something гэдэг.
Фэйсбүүкийн сурталчилгаанд энэ ойлголтыг хэрхэн ашиглах вэ?
Цаг хугацааны хувьд хязгаарлагдмал нөхцөлд үнэ цэнэтэй зүйлийг хямдралтай үнээр өгөх гэж байгаа сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авч буй хүмүүс давуу тал олохын тулд зар бүхий хуудас руу сонирхон зочлох болно. Жишээ нь: “Зөвхөн өнөөдөр эхний 10 хүнд 50 хувийн хямдрал” гэх өгүүлбэрийг та өмнө нь харж л байсан байх.
Сурталчилгааны тайлбар, агуулга хэсэг нь амжилттай сурталчилгааны нэг гол хүчин зүйл юм. Мэдээж зураг нөлөөлөх ч агуулга л сонирхож буй хүмүүстэй харилцах, борлуулалт тийш хөтлөх боломжийг олгодог. Энэ хэсэгт өөрийгөө хэн болохоо, хэрхэн тэдэнд туслах гэж байгаагаа товч танилцуулахаа мартаж болохгүй.
Эдгээр аргууд нь фэйсбүүк дэх сурталчилгааныхаа агуулгыг хэрхэн сайжруулж болох талаар ойлголт өгөх бөгөөд та бүхэн хэрэглэгчдэдээ юу илүү нөлөөлдөгийг сайн мэдэхийн тулд тэднийг илүү таних боломжийг үргэлж эрэлхийлж байгаарай.