Борлуулалт бий болгох вэб сайттай болох 5 шалтгаан
Олон хүн фэйсбүүк байхад вэб сайт ямар хэрэгтэй вэ? гэж асуудаг. “Фэйсбүкийн дүрмээр биш өөрийн дүрмээр тоглохыг хүсэхгүй байна гэж үү?” гэж би сөргүүлэн асуудаг. Гэхдээ миний ярих гэж байгаа вэб сайт нь интернет дэх брошур хэлбэрийн вэб сайтаас өөр гэдгийг та бүхэн уншаад ойлгох байхаа.
Вэб сайттай болох 5 шалтгаан
1. Мэдээж хэрэглэгчдийнхээ хайлтын системээс хийх хайлтанд илүү өртөх боломжтой болно. Гүүглээс аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хайх явдал өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд тэд худалдан авагч болох магадлал өндөр байдаг.
Гэтэл нөгөө талд бизнесүүд тэнд хангалттай байршаагүй байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд боломж гэж үзэж болох юм. Учир нь гүүглийн хайлт хэрхэн ажилладагийг мэдэж эртхэн байрших тусмаа хайлтанд дээгүүр гарах боломжтой байдаг. Магадгүй та хайлтын илэрцийн эхний хуудсанд буй мэдээллийг тэр дундаас эхний 3-ыг нь үздэг байх тийм үү?
Онлайнаар бизнес эрхлэгчдийн хувьд вэб сайтдаа их урсгал ирүүлж байх нь юу юунаас чухал байдаг. Тэгвэл хайлтын системийг үр дүнтэй ашиглаж чадвал таны бизнестэй холбоотой олон үгээр хайлт хийж байгаа хүмүүсийн урсгалыг вэб сайтдаа авах боломжтой болох ба энэ нь үнэгүй байдгаараа чухал ач холбогдолтой. Вэб сайтад их урсгал ирэх тусам их борлуулалт хийгдэнэ.
2. Интернет маркетингийн үйл ажиллагаагаа автоматжуулах боломжтой болно. Магадгүй та вэб сайтдаа шинэ мэдээ оруулах бүрт түүнээ фэйсбүк, твиттер, линкедин зэрэг сошиал сувгууддаа оруулах, бүртгүүлсэн харилцагчиддаа и-мэйлээр илгээх зэрэгт цаг их зарцуулдаг байх. Тэгвэл эдгээрийг RSS-ийн тусламжтайгаар бүрэн автоматжуулах боломжтой байдаг. Тэр ч байтугай харилцагчид тань вэб сайтаар тань зочлоход хэрэгтэй мэдээллийг нь и-мэйлээр илгээж байх үйлдлийг Mailchimp ашиглан хийх боломжтой.
3. Хэрэглэгчидээ бүртгэх. Интернет, сошиал медиа орчинд маш олон төрлийн сонирхолтой хүмүүс байгаа. Тэдэн дундаас зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох хэсгийг бүртгэнэ гэдэг нь зүйрлүүлж хэлбэл цахим орчин дахь шүүлтүүртэй адил гэх юм уу даа. Бүртгэснээр тэдэнд үнэ цэнэ өгөх, хэрэгтэй мэдээллийг илгээх, худалдан авалт хийх шийдвэр гаргахад ямар мэдээлэл хэрэгтэй байна түүнийг илгээн харилцаа тогтоох боломж бүрдэнэ.
4. Дүн шинжилгээ хийх. Цахим орчинд дүн шинжилгээ сайн хийх боломжтой байдгаараа давуу талтай. Та гүүгл аналитиксийн тусламжтайгаар вэб сайтаар тань зочлогсод аль маркетингийн сувгаас /Фэйсбүкээс үү? Твиттерээс үү? Хайлтын системээс үү? Төлбөртэй хайлтаас уу? Холбоосоос уу? И-мэйлаас үү?/ илүү их орлого оруулж байгааг хэмжих боломжтой болно. Үүнийг мэдсэнээр мэдээж маркетингийн зардлаа аль их орлого оруулж байгаа сувагт хуваарилсанаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.
5. Худалдан авалт хийх магадлалтай хэсгийг илрүүлэх. Бүртгүүлсэн хүмүүсээс хэн нь вэб сайтад тань дахин дахин зочлоод байгааг мэдэх боломжтой болно. Байнга вэб сайтад тань зочилж байгаа хүн нь зочлохгүй байгаа нэгэнтэй харьцуулахад танай бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах магадлал өндөр бөгөөд тэднийг борлуулалтын ажилтнууд мэдсэнээр ямар их ач холбогдолтой байхыг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Борлуулалт бий болгох вэб сайттай болсоноор хайлтын систем, сошиал медиа сувгууд зэргээс тогтмол урсгал вэб сайтдаа ирүүлэх үүд нээгдэх бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээг тань сонирхох хэсгийг автоматаар бүртгээд /Mailchimp-д бүртгүүлсэн харилцагчдын жагсаалт үүснэ/ тэдэнд ямар мэдээлэл хэрэгтэй байна түүнийг нь и-мэйлээр илгээж худалдан авалтанд тасралтгүй бэлдэж байх танай байгууллагын 24 цагийн салбартай боллоо л гэсэн үг.
Гэхдээ мэдээж энэхүү салбарын хэр сайн ажиллах нь, хэр их борлуулалт бий болгох эсэх нь нэг л зүйлээс шалтгаалдаг. Тэр нь юу вэ? Мэдээж контентийн чанараас шалтгаалах юм. Таны контент зорилтот хэрэглэгчдийнхээ асуудалд хариу өгч, туслаж чадаж байна уу?, тэдэнд үнэ цэнэ өгч чадаж байна уу? Тэртээ 1996 онд Билл Гэйтс ах “Контент бол хаан юм аа” гэж яг л хэлж дээ хэмээн өөрийн эрхгүй бодогдуулна.
Дижитал хэрэгслүүдийг ашиглан илүү ухаалаг ажиллах, бизнесээ үр дүнтэй удирдан өрсөлдөөний давуу тал олох боломж байсаар байтал уламжлалт арга хэрэгслүүдтэйгээ зууралдсаар байх уу?