Вэб аналитик | Интернет маркетинг

Маркетингийн стратеги тодорхойлоход Гүүгл аналитиксийг хэрхэн ашиглах вэ?


Өнөөдөр хүмүүс сошиал медиад ихээхэн хугацааг өнгөрөөх болсны дээр бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгохдоо хайлтын систем ашиглан, интернетээс бодит мэдээлэл авсны үндсэн дээр худалдан авалт хийх болсон. Үүнтэй уялдаж маркетингийн арга барил ч бас өөрчлөгдөж байна. 


Инбаунд маркетингийн аргачлалаар харилцагчиддаа үнэ цэнэ өгч чадах контент, мэдээллийг вэб сайтдаа байршуулан сошиал медиа, хайлтын систем, и-мэйл зэргийг ашиглан олонд түгээснээр вэб сайт дахь хүмүүсийн урсгал нэмэгдэж тэдэн дундаас өөрсдийн харилцагч болох хэсгийг дижитал хэрэгслүүдийн тусламжтайгаар олж авах нь зардал, төсвийн хувьд хямд бөгөөд үр ашигтай болоод байна.

Тэдгээр хэрэгслүүдийн нэг нь Гүүгл аналитикс бөгөөд энэ нь танай вэб сайтад зочлогчид хаанаас /өөр вэб хуудас дахь холбоосноос, фэйсбүк, твитер зэрэг сошиал сувгаас, хайлтын системээс, г.м/ ирж байна, тэд хэн бэ /нас, хүйс, байршил г.м/, аль хуудсанд их хугацаа өнгөрөөж байгаа зэргийг олж мэдэх, түүндээ дүн шинжилгээ хийх боломжийг олгодог.


Маркетерууд болон бизнес эрхлэгчид харилцагчдаа илүү сайн мэдэх, маркетингийн стратегиа оновчтой тодорхойлохын тулд гүүгл аналитиксийг үр дүнтэй ашиглаж сурснаар бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой. Вэб сайтынхаа хандалтын тухай мэдээллийг сайн мэдэхгүйгээр одоогийн хэрэгжүүлж буй маркетингийн стратеги нь үр дүнтэй эсэхийг, түүнд хэзээ өөрчлөлт хийх зэргийг тодорхойлоход хэцүү юм. 

Гүүгл аналитикс нь 8 үндсэн хэсэгтэй /Dashboards, shortcuts, intelligence events, real time, audience, acquisition, behavior, conversion/ гэхдээ маркетеруудын хамгийн ихээр анхаарал хандуулах хэсгүүд нь Acquisition, Audience, Behavior зэрэг юм. 

Audience: Танай вэб сайтад зочлогсдын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Нас, хүйс, байршил, юу сонирхдог, гар утасаас уу эсвэл компьютерээс хандсан уу.

Acquisition: Хэрхэн вэб сайтад ирсэн тухай мэдээлэл. Хайлтын системээс үү, төлбөртэй хайлтаас уу, сошиал медиагаас уу, таны бичсэн блог хуудаснаас уу гэх мэт. Эдгээрээс аль нь илүү үр дүнтэй ажиллаж байгааг харах боломжтой.

Behavior: Таны вэб сайтад хэрхэн үйлдэл үзүүлж байгааг харуулна. Аль хуудсанд илүү анхаарал хандуулж байна. Дээрх мэдээллийг олсноор блог бичих нь үр дүнтэй байна уу, эсвэл сошиал медиагаар сурталчилгаа хийх нь үр дүнтэй байна уу гэдгийг мэдэх, ямар төрлийн контент хаана байрлуулах тухай шийд гаргахад хэрэглэгдэнэ.   

Хэрхэн вэб сайт уруу ирэх урсгалыг нэмэгдүүлж болох тухай хэдэн санаа. 

1. Organic search буюу хайлтад өртөхийн тулд мета тодорхойлолт болон түлхүүр үг бүхий контентийг вэб хуудсандаа оруулах, хайлтын системийн оновчлолыг хийх. 

2. Түлхүүр үгээ сонгоод төлбөртэйгөөр хайлтын системд бүртгүүлж болно. 

3. Блог хөтлөн бусад сайтуудад өртөх.

4. Сошиал постын тоогоо нэмэгдүүлэх-Аль суваг нь илүү үр дүнтэй байгааг мэдэхийн тулд жишээ нь сар бүр өөр, өөр сувгийг ашиглаж туршиж болно. 

5. И-мэйл ашиглах. 

Гүүгл аналтитиксийг ашиглан хэрхэн сурталчилгааны ажлын үр дүнд дүгнэлт хийн, шийдвэр гаргаж болохыг жишээгээр үзвэл: Үр дүнгээр referral буюу бусад вэб сайт дахь холбоосноос их харилцагч ирсэн боловч хайлтын системээс бага хандалттай байсан. Үүнд дүгнэлт хийн хайлтын системийн оновчлолоо сайжруулсан боловч энэ нь хэрэв нөлөө багатай байсан бол блог бичих нь илүү үр дүнтэй гэх зэргээр дүгнэлт хийж, цаашдын стратегиа тодорхойлж болно. 

Хэн /нас, хүйс, байршил г.м/ таны сайтаар их зочилсныг, юу хүсэж байгаа /аль хуудаст их хугацааг өнгөрөөсөн/ зэргийг мэдсэнээр хүсэл сонирхолд нь нийцсэн контентийг хийж улмаар тэднийг буцаж ирэх үүдийг нээх болно. Аль суваг /фэйсбүк, твиттер, хайлтын систем г.м/-аас танай вэб сайт руу хандаж байгааг мэдсэнээр аль блог, нийтлэл эсвэл аль сошиал суваг илүү их урсгалыг авчирч байгааг мэдэх улмаар түүндээ төвлөрч сурталчилгаагаа хийх боломжийг бий болгоно.


Өөрөөр хэлбэл Гүүгл аналитикс нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож буй харилцагчдын хэн болох, юу хүсэж байгаа зэргийг гүнзгий мэдэх, уг мэдээллийг ашиглаж өрсөлдөөн бүхий өнөөгийн бизнесийн орчинд давуу талыг бий болгох чухал хэрэгслүүдийн нэг юм.


Similar Posts