Вэб сайтаар зочлогсдыг худалдан авагч болгох тухай
Онлайнаар бизнес эрхлэгчдийн хувьд тэргүүн ээлжийн зорилго нь вэб сайтдаа аль болох их урсгал ирүүлэх байдаг бол удаах зорилго нь сайтаар зочлогсдыг худалдан авагч болгох явдал байдаг.
Онлайн бизнес гэхээр юун түрүүнд интернет худалдааны дэлгүүр л гэж ойлгодог байх. Гэхдээ сургалт, зөвлөх үйлчилгээ гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч мөн интернетээс харилцагчидаа олох боломжтой. Энэхүү нийтлэлээрээ вэб сайтыг бизнес эрхлэгчид хэрхэн үр дүнтэй ашиглаж борлуулалтаа нэмэгдүүлж болох талаар дурдах юм.
Фэйсбүк байхад вэб сайт ямар хэрэгтэй юм бэ гэх асуулт магадгүй гарах байх. Хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа Гүүгл гэх мэт хайлтын систем ашиглаж хайх явдал жил ирэх бүр нэмэгдэж байгааг Google trends-с авсан доорхи мэдээллээс харж болно. Доорхи зурагт 2004 оноос хойш “сургалт” гэдэг үгээр хийсэн хайлт хэрхэн нэмэгдсэнийг харууллаа.
Интернет орчинд хийгдэж байгаа энэ олон хайлтуудад өртөхийн тулд мэдээж хэрэг вэб сайт хэрэгтэй. Гэхдээ интернет дэх байгууллагын танилцуулга шиг нэгэн хэвийн, уйтгартай вэб сайт биш, үр дүнтэй вэб сайт байх хэрэгтэй.
Үр дүнтэй вэб сайт гэж юу вэ?
7 хоногийн 7 өдөр, 24 цагийн турш хэн нэгний оролцоогүйгээр вэб сайтад тань ирэх харилцагчдын урсгалаас зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах магадлалтай харилцагчдыг автоматаар бүртгээд, тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг илгээж худалдан авалтанд бэлтгэж байх, танай байгууллагын нэг салбар шиг л ажиллах тийм вэб сайттай болохыг хэн хүсэхгүй байх билээ.
Хэрхэн тийм вэб сайттай болох вэ?
Зорилтот харилцагчиддаа хэрэгтэй, тэдний асуудалд хариу өгөх шийдэл санал болго. Вэб сайтад зочлогсдоос танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхон худалдан авалт хийх магадлал бүхий харилцагчдыг илрүүлэхийн тулд зорилтот харилцагчдад тань юу хэрэгтэй байна түүнийг санал болго.
Тэдэнд ямар асуудал тулгарч байна, асуудлаа шийдэхэд нь, ажлаа сайн хийхэд нь туслах мэдлэг өгөх цахим ном санал болгож болно. Хэрэв түүнд хэрэгтэй санагдвал тэрээр таньд өөрийн и-мэйл хаягаа өгч оронд нь цахим номыг авах болно.
Жишээ нь: мэргэжлийн гэрэл зургийн аппарат борлуулдаг бизнес эрхлэгчийн хувьд “Фокус сайтай гэрэл зураг дарах 10 арга” нэртэй цахим номыг үнэгүй санал болго. Гэрэл зургийн аппарат сонирхдог хүмүүс л цахим номыг татан авч оронд нь и-мэйл хаягаа өгөх учраас тэдний энэ мэдээлэл нь худалдан авалт хийх магадлал өндөртэй харилцагчдынх гэдэг утгаараа таны хувьд ихээхэн үнэ цэнэтэй юм.
Юу санал болговол сонирхлыг нь татаж болохыг хэрхэн мэдэх вэ?
Үүнийг олж мэдэх нэг арга нь Гүүглийн түлхүүр үгийн төлөвлөгчийг ашиглаж болно. Түлхүүр үгээ оруулаад хайхад энэ үгтэй холбоотой Гүүглд хийгдсэн хайлтуудын тухай мэдээлэл гарч ирэх болно. Өөрөөр хэлбэл хүмүүс энэ сэдвийн хүрээнд юуг их хайж байгааг харуулна. Жишээ нь: зургийн аппарат хэмээн хайж үзье. Эндээс хүмүүс юу мэдэхийг хүсэж байгаа тухай, сэдвийн санаагаа олж болно.
Таны зорилго бол цахим номоороо зорилтот харилцагчдаа гайхшруулах явдал тул уншихад ойлгомжтой байхаас гадна тэдэнд үнэ цэнэ өгөх зүйл байхад анхаар. Тэдний сонирхлыг татаж чадсан бол таны тэдэнд илгээх бусад контентуудыг ч мөн тэд үзэхийг хүсэх болно.
Бүртгүүлэгчдийг хэрхэн хулалдан авагч болгох вэ?
Хэрэв бүртгүүлсэн харилцагчдыг худалдан авагч болгох ямар нэг бодлого байхгүй бол олон бүртгүүлэгчтэй болсны ач холбогдол байхгүй.
Хэрхэн амжилттай борлуулалт хийх нь ямар бизнес эрхэлж байгаагаас шалтгаална. Жишээ нь: программ хангамж борлуулдаг байгууллагын хувьд утсаар ярьсан нь илүү үр дүнтэй байна. Утсаар холбогдон тэдэнд тулгарч байгаа асуудлуудыг нь мэдэж авч, түүнд нь тодорхой шийдэл санал болгох байдлаар итгэлийг нь олсоноор худалдан авагч болгох боломжтой.
Бүртгүүлэгчид худалдан авагч болох эсэх нь таны тэдэнд санал болгосон цахим номын чанараас ихээхэн шалтгаалдагийг анхаарах хэрэгтэй.
Бүртгүүлэгчдэд асуудалд нь хариу өгөх и-мэйл илгээн итгэлийг нь олсны дараа утсаар холбогдож болно. Энэ нь хивс цэвэрлэдэг эсвэл ус цэвэршүүлэгч төхөөрөмж борлуулдаг байгууллагаас холбоо барьдгаас өөр тохиолдол юм. Учир нь та хэн нэгэн танихгүй хүн рүү биш, харин таны түүнд санал болгосон цахим номыг татаж авсан, илгээсэн и-мэйлийг тань нээж үзсэн, тодорхой хэмжээнд танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа нэгэнд хандах учраас.
Таны зорилго бол хэрэглэгчиддээ үнэ цэнэ өгч, тэдэнд туслаж чадах итгэлтэй нэгэн гэдгээ таниулахад байгаа юм. Хэрэв төдийлөн сайн амжилт олохгүй бол борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ эргэж нэг харахад илүүдэхгүй.
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэхээр хэрэглэгчдэд хэрэгтэй байж чадаж байна уу?
Интернет орчин дахь багахан хэмжээний өөрчлөлт нь харилцагчдын хандалтын хэмжээнд багагүй хэмжээгээр нөлөөлж байдаг тул маркетерууд болон бизнес эрхлэгчид /хэн нэгнээс хамааралгүй/ вэб хуудсаа олон хувилбараар туршиж үзэж, байнга сайжруулж байх нь үр ашгийг нь нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл болдог. Гэтэл хүмүүс вэб сайтыг хийх нь хэцүү код бичихээс нааш бүтэхгүй хэмээн ташаа ойлголттой байдаг.
Аз болоход интернет орчны технологийн хөгжлийн ачаар маркетерууд, бизнес эрхлэгчид өөрсдөө хялбарханаар вэб сайтаа хийн, хүссэн үедээ өөрчлөлт хийх боломжийг олгох вордпрэсс, вийкс гэх мэт программуудын сонголт өнөөдөр их болжээ.