Фэйсбүүк

Фэйсбүкийн сурталчилгаанд 23.09 $ зарцуулан хэрхэн 5 сая төгрөгийн борлуулалт хийсэн тухай


Өнөө үед бид телевизийн сурталчилгааг IP зурагтныхаа тусламжтайгаар гүйлгээд үзчихдэг болсон. Харин яг хэрэгтэй зүйл нь фэйсбүүкэд байж таарвал үзээд зогсохгүй share хийдэг учираас контент түгээгчдийн хувьд энэ нь их хандалт аваад зогсохгүй бага зардлаар үр дүнтэй сурталчилгаагаа түгээх боломжийг бий болгожээ.

Гайгүй сайн, үр дүнтэй сурталчилгаа цахим орчинд хийе гэвэл маш сайн контент хийгээд бүүст хий л гэж бидний зүгээс зөвлөнө дөө. Бүүст хийхэд бас учир бий. 

Нодлин манай нэг найз фэйсбүкэд сурталчилгаа буюу boost хийлгүүлэхээр бидэнд хандсан юм. Тэрээр амины орон сууц болон гэрт оршин суугчдад шалны халаалт суурилуулах үйлчилгээ санал болгодог бөгөөд 20 хоног сурталчилуулсан юм. 

Контентийн агуулга: Байшин ойролцоогоор 15 орчим хувийн дулааныг зөвхөн шалнаасаа алддаг хэмээн эхлэх түүний бэлдсэн контентийн агуулга нь ерөнхийдөө амины орон сууц эзэмшигчидийн нийтлэг алдаа нь шалаа хайхралгүй орхидог, гэтэл өвөл манайд хөрс өнгөн хэсэгтээ 2 м хүртэл хөлддөг, ингээд хэдий паар нь сайн халдаг ч доороосоо дулаан их алдах, чийг цан цохих явдлууд их гардаг, үүнээс шалтгаалан эрчим хүчний үргүй зардал их гарч эдийн засгийн хувьд хүнд тусдаг тухай дурдаад шийдэлээ санал болгосон байсан. 

12 сарын ид хүйтэнд 20 хоног өдрийн 1.00 ам.долларын зардалтайгаар явуулсан сурталчилгаа богино хугацаанд, бага зардлаар боломжийн их хүнд буюу 100 орчим мянган хүнд хүрч үүнээс 12.4 мянган хүн сурталчилгаан дээр дарж, 1.3 мянган хүн like даран таалагдсанаа илэрхийлж, бусадтай хуваалцсан зэргээр хандалт үзүүлсэнээр нийтдээ 23.09 ам.доллар зарцуулж, /нэгж хандалтын зардал нь ердөө 0.002 ам.доллар байсан/ үр дүнд нь 50 дуудлага хүлээн авч, үүнээс 4 ажил олж нийт 5 сая төгрөгийн орлого олсон /хожим лавлахад/ байсан.

Энэ нь зөв үед, зөв мессежийг, зөв хүргэж чадвал үр дүнтэй сурталчилгаа хийж болох нэг нотолгоо юм. Фэйсбүүкэд үр дүнтэй сурталчилгаа хийхэд юунд анхаарал хандуулах хэрэгтэй байдаг талаар дурдвал:

1. Харилцагчдынхаа сэтгэгдлийг сурталчилгаандаа ашиглавал үр дүнтэй байдаг. Сэтгэл ханамж өндөр харилцагчдын тань танай бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай гол ашиг тусыг нь илэрхийлсэн өгүүлбэр оруулбал их сайн. Бодит хүмүүс таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд сэтгэгдлээ үлдээсэн мэдээллийг харахад итгэл төрүүлэх болно.

2. Агуулгын хувьд энгийн ойлгогдохоор байлга. Санал болгож байгаа зүйл тань таны хувьд их тодорхой юм шиг байх боловч өмнө нь сонсож байгаагүй нэгэнд бол хол, хөндий байх нь зүйн хэрэг. Сайтар бодож тодорхойлох хэрэгтэй болно. Яг юу санал болгож байгаа, ямар асуудлыг шийдэх гээд байгаагаа ойлгомжтой энгийн үгээр тайлбарла.

3. Тодорхой үр дүнтэй цагуудад хуваарь хий. Хэрэв фэйсбүүк дэх сурталчилгаа хийх цагийг өөрчлөхгүй бол өдрийн 24 цагийн турш сурталчилгаа явах болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зорилтот хүмүүсийн идэвхгүй үеүүдэд сурталчилгаа явсанаар үр дүн муу цагуудад үргүй зардал гарч байна гэсэн үг. Яг тохирох үр дүнтэй цагуудыг олох хэрэгтэй байдаг.

Хэрхэн тэр цагуудыг олох вэ? 

Manage ads ороод Breakdown/Time of Day (impression Time zone) сонгоно. 

Өдрийн бүх цагууд дахь сурталчилгаануудаас бий болсон хандалтын хэмжээ болон нэгж хандалтын зардлыг харах боломжтой болно. 

Энэхүү мэдээллээ ашиглаад сурталчилгаагаа бэлдэхдээ хандалт их, зардал бага цагаа сонгоно. Жишээ нь дээрх зурганд хамгийн үр дүнтэй цаг нь 19:00-20:00 цаг байна. Cost per result 0.005 $ байна. 

Ad Scheduling/Run ads on a schedule сонголтыг сонгоно. Зардал хамгийн бага, хандалтын тоо өндөр байгаа цагуудад л сурталчилгаагаа явуулж байхаар хуваарь хий. Ингэснээр мөнгөө үр дүнгүй зарцуулахаас сэргийлнэ. 

4. Идэвхжүүлэх. Хүмүүсийг идэвхжүүлдэг нэг зүйл нь санал болгож байгаа зүйлийнхээ хугацаа болон хүрэлцээний хувьд хязгаарлагдмал байгаа тухай мэдээллээр яаравчлуулах нь зарим үед үр дүнтэй байдаг. Жишээ нь: “Яг одоо захиалбал 15% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой”, “Өнөөдрийн дотор захиалбал 60% хөнгөлөлттэй!” г.м 

5. Өөр өөр зураг туршиж үзэх. Төрөл бүрээр туршиж үзээд аль илүүг нь цаашдаа ашиглаад явах нь сурталчилгааны үр дүнг сайжруулах шилдэг арга юм. Хамгийн түрүүнд туршиж үзэх зүйл бол зураг. 

6. Байршлыг нь солих. 3 үндсэн байршил байдаг. News feed, right column, mobile. Өөрчлөхгүй бол Фэйсбүүк эдгээр бүх газруудад сурталчилгааг байрлуулчихдаг. Гэхдээ мэдээж өөрийн хүссэн байршлаа сонгож бас болно. Аль хэсэгт байгаа сурталчилгаа илүү үр дүнтэй байна гэдгийг эхлээд олж мэдэх хэрэгтэй.

Manage ads/Breakdown/Placement сонгоод аль байршлыг илүү хандалт өндөртэй, үр дүнтэй байгааг мэдсэн бол сурталчилгаагаа бэлдэхдээ Ad set/Placements хэсэгт илүү үр дүнтэй сурталчилгааны байршлуудаа сонгоно.

7. Сошиал орчин дахь баталгаагаа сурталчилгаандаа оруул. Хэр их хүн сурталчилгаанд хандалт үзүүлж байна, хэдэн хүн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж байна, хэдэн хүн таны санал болгосон зүйлийг татаж авсан, вэб сайтад бүртгүүлсэн зэрэг мэдээллүүдийг сурталчилгаандаа оруулвал үр дүнтэй байх болно.

Нэг их хүчин зүтгэл гаргалгүйгээр хэрэгжүүлж болохоор хэдэн аргуудын талаар дурдлаа. Сурталчилгааны үр дүнгээ нэмэгдүүлэхэд тэргүүн ээлжинд анхаарах зүйл нь зөв хүмүүстээ сурталчилгаагаа хүргэх явдал байдаг. Газар зүйн байршил, сонирхолоор нь чиглүүлж болохоос гадна мөн custom audience ашиглах нь үр дүнтэй байдаг. 

Мөн зурагийн чанар хэзээ ч чухал нөлөө үзүүлж байдгийг битгий мартаарай! Зураг сонгох олон төрлийн програмууд байдгаас миний хувьд Pablo-г ихэвчлэн ашигладаг.

Эцэст нь хэлэхэд олон янзаар туршиж үзээд аль илүү үр дүнтэй байгааг нь төсвийг нь нэмээрэй.


Similar Posts