Интернет маркетинг

Хэрхэн маркетингийн автоматжуулалт хийх вэ?


Нэг үеээ бодвол бизнес эрхлэгчид болон маркетерууд сошиал медиа сувгуудыг сурталчилгаандаа өргөнөөр ашигладаг болжээ. Гэвч фэйсбүк, твиттер, инстаграм, линкедин гэх мэт олон сувгуудыг нэгэн зэрэг удирдах, контентууд оруулах, и-мэйл илгээх зэрэгт хугацаа ихээр зарцуулдаг. Давтамж их хийгддэг ажлуудад цаг, заваа ихээр зарцуулсанаар өндөр ач холбогдолтой ажлууд болох чанартай контент хийх, дүн шинжилгээ хийх зэрэгт бага хугацаа зарцуулах гээд байдаг.

Маркетингийн автоматжуулалт гэж та урьд өмнө нь сонсож байсан уу? Энэ нь байнгын давтамжтай хийгдэх ажлуудаа автоматжуулсанаар түншүүдтэйгээ уулзах, стратегиа тодорхойлох, сурталчилгааныхаа үр дүндээ дүн шинжилгээ хийх зэрэг гол ажлууддаа их хугацааг зарцуулах боломжуудыг хэрхэн бий болгох тухай юм.  

Мэдээж хэрэг энэ нь технологиос ихээхэн шалтгаална, энгийнээр тайлбарлавал интернет орчинд хийгдэх маркетингийн ажлуудаа программ хангамж болон технологийн тусламжтайгаар автоматжуулахыг хэлнэ.  

Автоматжуулж болох гурван үндсэн зүйл байна. Эхнийх нь и-мэйл: танай вэб сайтад мэдээлэл авч байхаар бүртгүүлсэн хүмүүст шинэ нийтлэлээ бэлэн болмогц автоматаар и-мэйлээр илгээх тохиргоог Mailchimp программыг ашиглаж хийж болохоос гадна хаанаас хэн бүртгүүлсэнээс нь шалтгаалан тэднийг ангилах боломжтой. 

Дараагийнх нь сошиал медиа-хийсэн контент, нийтлэлээ түгээх болон сошиал медиад дагагчидаа нэмэгдүүлэх үйл явцыг автоматжуулах зэрэг боломжуудыг олгодог.

Удаахь нь вэб хуудас бөгөөд хийхийн тулд код бичих нь цаг их ордог, тусгай мэдлэг шаардлагатай байсан нь хэдийн ард хоцорч өнөөдөр бэлэн загвар, тэмплэйтүүдээс сонгоод хялбархан хийх боломж олгох програмууд их болжээ.

Жишээ нь та ямар нэгэн “Сургалтын” үйлчилгээ үзүүлдэг бөгөөд түүнийхээ ач холбогдлын тухай нийтлэл бичээд вэб сайтдаа оруулахад таны фэйсбүк, твитер зэрэг хуудсуудад энэ тухай мэдээлэл IFTTTHootsuite программуудын тусламжтайгаар автоматаар пост хийгдэнэ. Танай вэб сайтад бүртгүүлэгчдэд энэ тухай и-мэйл Mailchimp-н тусламжтайгаар хэн нэгний оролцоогүйгээр очно. Түүнчлэн твитерт таныг шинээр дагагчдад автомат мессеж очих бөгөөд тэрхүү мессеждээ сургалтынхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг линкээр оруулан мэдээлчихнэ.

Дээрхээс харахад маркетингийн автоматжуулалтыг зөв ашиглаж чадвал харилцагчидтайгаа харилцаа тогтоох, тэдэнд үнэ цэнэ хүргэх, цаг хугацааг хэмнэх зэрэг боломжуудыг олгох хүчтэй хэрэгсэл болохыг түвэггүйхэн харж болохоор байна. 

И-мэйл маркетинг 

Эхлээд бүртгүүлэгчид хаанаас бүртгүүлсэнээс нь шалтгаалан хэрхэн ангилж болох талаар дурдья. Энэ нь автоматаар харилцагчидаа хэрхэн сегментлэх тухай юм. И-мэйл илгээх харилцагчидаа ямар нэгэн шинж байдлаар нь сегментлэх нь ямар ач холбогдолтой вэ? Бүртгүүлсэн харилцагчиддаа бүгдэнд нь нэгэн зэрэг ижил и-мэйл илгээснээс тэдний ажил эрхлэлтийн байдал, нас, сонирхол зэрэгт нь тохируулан илгээх нь илүү үр дүнтэй байдаг. Mailchimp нь 2000 хүртэлх хүнд и-мэйл илгээхэд үнэгүй хэрэглэх боломжтой. 

Mailchimp-ийн Lists/Settings/List fields and merge tags дарааллаар сонгоно.

Маркетинг автоматжуулалт

Add field-г дарна. 

Вэб сайтад бүртгүүлэгчдээ хаанаас бүртгүүлсэнийг мэдэхийн тулд нэр өгнө. Жишээ нь Маркетингийн тухай блог бүхий хуудаснаас бүртгүүлсэн бол “Маркетинг сонирхогчиид” хэмээн нэр өгч болох юм. Ингэснээр тухайн жагсаалтан дахь харилцагчидаа аль хуудаснаас бүртгүүлсэн, ямар сонирхолтой гэдгийг нь хялбархан мэдчихэж болно. 

Нэр өгсөний дараа баруун талд байх “зөв” тэмдэглэгээг арилгаснаар маягтанд хэрэглэгчдэд өөрсөд нь харагдахгүй болно.

Save changes дарна. 

Ийнхүү маркетингийн тухай блог бүхий хуудаснаас бүртгүүлэгсэд “Маркетинг сонирхогсод” тодорхойлолттойгоор жагсаалтандаа бүртгэчихлээ Цахим маягтаа хэрхэн хийх вэ? Mailchimp-д цахим маягтаа бэлтгэх боломжтой байдаг.

Автоматжуулалт 1


“General forms”-г сонгоно.

Энэхүү URL-г хуулж аваад нийтлэлийнхээ төгсгөлд линк байдлаар оруулан хэрэглэгчидээ бүртгэж болохоос гадна HTML кодыг нь хуулж аван вэб сайтдаа оруулах бас боломжтой.

Хүргэх

Бид блогтоо шинэ нийтлэл оруулах бүртээ, энэ тухай мэдээллийг бүртгүүлэгчиддээ дараах байдлаар илгээдэг.

Сайн байна уу, 

“Хэрхэн маркетингийн автоматжуулалт хийх вэ?” нэртэй шинэхэн нийтлэлээ мэдлэгт тань нэмэр болох үүднээс илгээлээ. Энэхүү нийтлэлийн талаар санаа, бодлоо бидэнтэй хуваалцах болон асуулт асуух бол бидний хаалга үргэлж танд нээлттэй байна.

Хүндэтгэсэн,

Энэхүү бүртгүүлэгчиддээ автоматаар и-мэйл илгээх үйлдлийг Mailchimp-г ашиглан хэрэгжүүлэхийн тулд Campaign хэсэгт Create campaign/RSS campaign  гэдгийг сонгоно.

Жишээ нь www.compasso.mn-д шинээр нийтлэсэн блогуудыг илгээж байх бол URL-г дээрх байдлаар оруулна. Хэдий хугацаанд нийтлэлээ оруулж байхаас хамаараад once a week, twice a week зэргээр сонгоно. Үүний дараа “next” товчин дээр даран и-мэйл илгээхдээ ямар утга бүхий тайлбартай байхаа оруулна. 

Сошиал медиа  

Та өөрийн хийх постуудыг автоматжуулах боломжтойгоос гадна мөн твитерт таныг дагах үйлдлийг ч мөн автоматжуулах боломжтой байдаг.

Төрөл бүрийн постууд оруулах хэрэгцээ бидэнд байнга тулгардаг. Гэтэл Фэйсбүк, твитер, инстаграм гэх зэрэг 3 ба түүнээс дээш сошиал сувагт нэг агуулга бүхий постыг нэгэн зэрэг хэрхэн оруулах вэ? Энэ нь ямар төвөгтэй их хугацаа шаарддагийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Үүнийг хялбархан шийдэж болох шийдэл нь Hootsuite юм. Бүх сувгуудаа нэг дороос удирдаж болохоос гадна хийгдэх постуудаа 7 хоногоор нь, сараар нь хуваарь хийх байдлаар автоматжуулж болдогоороо надад их таалагддаг юм. 

IFTTT нь товчхондоо ямар нэгэн вэб сайтад шинээр блог нийтлэгдэхэд түүнийг twitter, Facebook зэрэгт автоматаар пост хийнэ гэх зэргээр нөхцөл заан хийх үйлдлүүдээ тохируулах боломж олгодог програм юм. Үүний тусламжтайгаар вэб сайтдаа шинээр нийтлэсэн блогоо автоматаар сошиал сувгуудад пост хийж байх үйлдлийг хийж болно.  

Twitter нь магадгүй автоматжуулалт хийх боломжоороо хамгийн тохиромжтой сошиал суваг гэж хэлж болно доо. Олон сошиал сувгууд байгаа хэдий ч Твитерийнх хэрэглэхэд хялбар бөгөөд ихэнх үйлдэл нь үнэгүй хийх боломжтойгоороо давуу талтай байдаг.

Мэдээж твитерийг амжилттай удирдах үндэс нь олон хүн дагах явдал гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ автоматжуулалтгүйгээр олон мянган хүнийг дагах хийгээд хэнийг дагахаа тодорхойлох нь хүндрэлтэй, цаг үрсэн хэрэг болно. Үүнийг шийдэх шийдэл нь Tweepi юм. 

Энэ нь хэн таныг дагаж байгааг, та хэнийг дагаж байгааг мөн таныг дагасан боловч та тэднийг дагаагүй байгаачуудыг гэх зэргээр жагсаалтыг харуулдаг. Ганц товчин дээр дарах төдийд олон хүнийг бага хугацаанд дагах боломжийг танд олгоно. 

Автоматжуулалт 2

Гэхдээ мэдээж зорилгогүйгээр бүгдийг дагаснаас зорилготойгоор дагаж чадвал бизнестээ ч твиттерийг үр дүнтэй ашиглаж болно. Яаж? Таны зорилтот хэрэглэгчид чинь хэн бэ гэдгийг тодорхойлон, тэднийг дагаснаар таны бүтээгдэхүүнийг сонирхох хэсэг таныг дагах магадлал ихэснэ. Тэдэнд мэдээлэл хүргэх боломж бий болно. 

Таны бизнесийн салбарт хэн илүү нөлөөтэй байна? Түүнийг дагагчдыг дага. Жишээ нь: Та зорилтот хэрэглэгчидээ энтрепренерүүд гэж бодож байгаа бол яагаад датакомын Энхбатыг дагагчдыг олоод дагаж болохгүй гэж? Тэд бүгд биш юмаа гэхэд нэлээд нь эргүүлээд таныг дагна, үр дүнд нь тэдэнд мэдээллээ хүргэх боломж нээгдэнэ. Үүнийг Tweepi ашиглан үнэгүйгээр Follow followers үйлдлийг сонгоод хэрэгжүүлчих боломжтой.

Мөн дээрх үйлдлийг та ManageFlitter-г ашиглаад автоматжуулснаар /Гэхдээ сарын төлбөр нь 12 ам.доллар/ хэн нэгний оролцоогүйгээр таны бизнесийг сонирхох магадлалтай хүмүүсийг автоматаар дагаад байх боломжтой болно.

Мессеж хүргэх

Твиттерт таныг шинээр дагах болгонд дагагчдад мессеж хүргэх боломжийг Crowdfire олгодог. Үүний тусламжтайгаар та өөрийн бизнесийн тухай мэдээллээ линк оруулах байдлаар хүргэх боломжтой. 

Вэб хуудас

LeadPages, Unbounce, Lander зэрэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, эвент, сургалт зарлах зэргийг вэб хуудас ашиглан хийх боломжийг олгодог. Өргөн сонголт бүхий бэлэн тэмплэйт загварууд ашиглах учраас дизайны тал дээр цаг үрэх хэрэггүйгээс гадна код бичих зэрэг нарийн мэдлэг шаардахгүйгээр хүссэн вэб хуудас, вебинар зэргийг хийхэд тохиромжтой байдаг.

Үүний тусламжтайгаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг зорилтот харилцагчиддаа өгөөд, сонирхсон нэгнийг бүртгээд байх боломжтойгоос гадна өмнө дурдсанчлан бүртгүүлсэн хүмүүсийнхээ мэдээллийг Mailchimp-н тусламжтайгаар жагсаалт үүсгээд байх боломжтой юм. 

Ийнхүү бид зорилтот харилцагчиддаа зориулсан пост оруулах, тэдэнд вэб хуудасны тусламжтайгаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгох, дэлгэрэнгүй мэдээлэл и-мэйлээр илгээх, бүртгэх, ангилах зэрэг үйлдлүүдийг цахим орчинд хэрхэн автоматжуулж болох тухай цухас дурдлаа. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн технологийн боломжуудыг үр дүнтэй ашиглаж сурсанаар бизнес эрхлэгчид, маркетерууд үнэтэй цагаа хэрэглэгчиддээ үнэ цэнэ өгөхөд болон стратегийн чанартай асуудлууддаа түлхүү анхаарал хандуулахад зарцуулах, улмаар бизнесийн орчинд өрсөлдөөний давуу тал олох боломжтой болох юм. 


Similar Posts