Сошиал медиа маркетинг

Сошиал медиа сурталчилгаа хэрхэн хийх вэ?


Сошиал медиагаар сурталчилгаа цацах нь сүүлийн үед түгээмэл болсон бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд харилцагчдын тоогоо нэмэгдүүлэх бодит хүчин зүйл болоод байна. Үүнтэй холбоотойгоор компаниудын маркетингийн нэгж хэсгүүд сошиал сурталчилгааны төсвийг нэмэгдүүлж байгааг фэйсбүүк дэх томоохон компаниудын сошиал хуудсуудын үйл ажиллагаанаас харж болно.

Нэгэнт фэйсбүк, твитер болон бусад цахим сайтуудад хүмүүсийн өнгөрөөх хугацаа өдөр ирэх бүр нэмэгдсээр байхад та яагаад энэ боломжийг ашиглаж болохгүй гэж?

Hootsuite-ийн гүйцэтгэх захирал Райн Холмес сошиал медиа ашиглаж үр дүнтэй сурталчилгаа хийх 6 аргыг дурджээ: 

1. Төлбөртэйгөөр сурталчилгаа хийхээсээ өмнө үнэгүй пост хийн туршиж үзэх. 

Та магадгүй ямар нэг байдлаар фэйсбүүкд пост хийж үзсэн байх, зарим нэг нь үзэгчдийн анхаарлыг ихээр татдаг бол зарим нь татдаггүй. Аль нь илүү их сэтгэгдэл, лайк авсан байна тэр сурталчилгааг төлбөртэйгөөр пост хийвэл амжилтад илүү хүрнэ. 

2. Хэнд сурталчилгаагаа хүргэхээ нарийн тодорхойл.

Уламжлалт сурталчилгааны нэг асуудал нь хүссэн хүмүүстээ хүрэхгүй буюу байгаа онохгүй байх явдал байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд фэйсбүк, твитер, линкедин болон бусад сошиал сувгууд сурталчилгааг зорьсон хэсэгт хүргэх, байг онох тал дээр сайн ажиллаж, шийдэл бий болгосон гэж хэлж болно. 

3. Нэг асуудал бол хүмүүс нэг сурталчилгааг хэт олон удаа үзэхээр уйдан хандалтын хэмжээ унадаг.

Харамсалтай нь хандалтын хэмжээ унахаар фэйсбүүк нэг хандалтын өртгийг нэмэгдүүлж шийтгэдэг. Үүний улмаас сэтгэгдэл, лайк болон хандалтын өртөг нэмэгдээд энэ нь сурталчилгааны зардлыг нэмэгдүүлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дан сурталчилгаа цацахаас зайлсхийж харилцагчиддаа хэрэгтэй мэдээлэл бүхий контентуудаар сэлгэж байх хэрэгтэй байдаг.

4. Сошиал медиа сурталчилгаагаа цөөхөн тооны хүмүүс дээр туршиж үзэх. 

Сошиал медиа сурталчилгааны нэг давуу тал нь тэр дороо ямар үр дүнтэй байгааг харах боломжтой байдаг. Сурталчилгаа хийснээс хэдхэн хормын дараагаас эхлээд сурталчилгаа хир үр дүнтэй байна, хэдэн хүнд хүрсэн, хэд нь хариу үйлдэл үзүүлж байгааг харах, олон талын анализ хийх боломжтой байдаг. Сурталчилгаагаа илүү үр дүнтэй болгохын тулд 2-3   хувилбараар цөөхөн хүнд хүргэн аль нь илүү үр дүнтэй байгааг үзсэний дараа их хүнд хүргэвэл илүү үр дүнтэй байдаг.

5. Сурталчилгааны зорилгоос хамаарч юуг худалдаж авахаа мэдэх.

Твитер жишээ нь хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдэлд төлбөр төлдөг. Линкедин болон фэйсбүк ямар хариу үйлдэлд төлбөр төлөхөө сонгох боломжтой байдаг. Жишээ нь сурталчилгааг зүгээр хараад өнгөрөх биш вэб сайтыг тань сонирхож үзэх урсгалыг авах гэж байгаа бол твитерийн сурталчилгааг, эсвэл фэйсбүкийн хариу үйлдэл бүрт төлбөр төлөхөөр сурталчилгааны сонголтоо хийх нь үр дүнтэй. 

6. Сурталчилгаагаа гар утсанд тохиромжтой болгох. 

Сошиал медиа хэрэглэгчидийн ихээхэн хэсэг нь гар утаснаас ханддаг байна. Энэ тоо твитерийн хэрэглэгчдийн хувьд 80 гаруй хувьтай байдаг бол, фэйсбүүк хэрэглэгчдийнх 60 гаруй хувь байдаг гэсэн байна. Тийм болохоор сурталчилгаагаа гар утсанд ямархуу харагдахыг бодолцох нь зүйн хэрэг. 

Фэйсбүк ашиглан сурталчилгаа хийх

Фэйсбүүк сурталчилгааны олон төрөл, хэлбэртэй байдаг бөгөөд таргет хийх буюу зорилтот хэрэглэгчдийг онилох олон сонголттой байдаг. Зорилгоор нь хэрхэн ангилсныг сонирхвол:

-Пост сурталчлах

-Пэйж сурталчлах

-Вэб сайт уруу урсгал үүсгэх

-Ямар нэгэн эпликэшний инстал сурталчлах

-Эвент үүсгэх

-Дүрс бичлэг сурталчлах

-Хүмүүсийн мэдээллийг авах маягт бөглүүлэх

-Вэб сайт дахь хуудсыг сурталчлах

-Эпликэйшн дэх хандалтыг нэмэгдүүлэх

Хэнд хүргэхээ тодорхойлох

Твитерийн нэгэн адил фэйсбүк-д хэнд хүргэхээ байрлал, хэл, нас, хүйс, сонирхол зэргийг сонгон зааж өгч болно. Фэйсбүк нь сонирхлыг нь нарийн заах болон зөвхөн тухайн нэг вэб сайтад зочилсон хүмүүст зориулж сурталчилгаагаа хийж болдгоороо давуу талтай байдаг. Юу сонирхдогоор нь онилох өргөн сонголттой. Жишээ нь: хувцас, дизайн, санхүү, бизнес, гоо сайхан г.м. Энэ нь яг өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхсон тэр хэсгийг олж, сурталчилгаагаа тэдэнд хүргэх боломжийг олгох боломжтой.   

Үнэ

Үнэ нь сурталчилгааны төрөл болон бизнесийн төрлөөс шалтгаалах тул яг таг тодорхойлох хэцүү. Миний хийсэн сурталчилгаануудаас харвал дунджаар үзүүлсэн хариу үйлдэл бүрт 0.02$ буюу 40 төгрөг дүнтэй байсан.

Хэрхэн сурталчилгаа хийх вэ? 

1. Сурталчилгааны зорилгыг тодорхойлох-Пэйж эсвэл пост сурталчлах гэх мэт

2. Дансаа үүсгэх-олон улсын картын мэдээллээ оруулна.

3. Сурталчилгаагаа хэнд зориулахаа сонгох– Аль нэг улсыг зааж болохоос гадна түрүүн дурдсанчлан сонирхол зэргээр олон сонголттой байна. Сонголт хийх бүрийд хэдэн хүнд хүрэх боломжтойг нь харуулж байдаг.

4. Төсвөө сонгох-Өдөрт хэдийг зарцуулах болон хэдэн өдөр сурталчилгаа хийхээ тодорхойлно.

5. Сурталчилгаагаа үүсгэх-Ямар зураг оруулах, ямар тексттэй байх зэргийг сонгох.

Сурталчилгааг хэрхэн харагдах байдлыг үзүүлэх бөгөөд хянаад захиалга хийнэ. Фэйсбүүк сурталчилгааг цацахаас өмнө хянаж үзээд зөвшөөрөл өгдөг. Оруулсан зурагт 20 хувиас илүү хэсэг нь текст хэлбэртэй байх болон бусад дүрэмд нь харшлах шалтгаанаар татгалзах бол энэ тухай мэдээлэл ирж, сурталчилгаагаа засахыг хүсдэг. Сурталчилгаа хийж эхэлсний дараа та өөрийн хуудасны Insight хэсгийг шалгаж хэдэн хүнд хүрч байна, хэдэн хүн хариу үйлдэл үзүүлсэн аль сурталчилгаа илүү хүнд хүрч байгаа зэргийг харах боломжтой байдаг.

Сошиал медиа сурталчилгаа нь бага тооны хүмүүст туршиж үзээд юу нь болохгүй байна, аль нь үр дүнтэй байгааг мэдсэний үндсэн дээр ихээхэн хүнд хүргэх боломжтойгоороо, мөн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож буй тэр хүмүүст сурталчилгаагаа хүргэхийн тулд олон төрлийн сонирхол, бусад хувилбаруудаар таргет хийх буюу онилох боломжтой зэргээрээ үр дүнтэй, зардал бага, олонд хүрэх боломжтой зэрэг давуу талуудтай байна.


Similar Posts