Контент маркетинг

Хямд аргаар контент маркетинг хийх арга


Хүн бүр л контент бол хаан гэдэг. Гэхдээ үүнийг мэдлээ гээд хэрхэн сайн контент хийж түүнийгээ үр дүнтэй сурталчилахаа мэдэхгүй бол ямар хэрэг байх вэ. 

Хэрхэн  үр дүнтэй, гэхдээ зардал бага аргаар сурталчилах вэ? 

Хэрэв үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлж байгаа бол зардлын хувьд ямар хүндрэлтэй байхыг та мэдээж гадарлаж л байгаа байх. Төсвөөс шалтгаалан хүссэн тоогоор хүмүүс хөлсөлж чадахгүй, мөн бүх арга хэрэгслүүдийг хэрэглэж чадахгүй. 

Гэхдээ багахан төсөвтэй ч контент маркетингаа үр дүнтэй хэрэгжүүлэх хэд хэдэн боломж байгааг хуваалцмаар санагдлаа.  

Бидний хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол сошиал сувгуудад хэт их сурталчилгаа байрлуулахаа л боддог. Товчхондоо хэрэглэгчидээ сурталчилгаагаар залхаах гээд байдаг.  

Танай хэрэглэгчдийн 70-80 хувь нь сурталчилгаанаас илүү тэдэнд үнэ цэнэ өгөх блог унших, контентийг илүүд үзэх болно. 

Хаанаас блог, нийтлэлийн санаагаа олох вэ? 

Сонирхол татах контент бүтээхийн тулд юун түрүүнд мэдээж блог, нийтлэлийнхээ санааг олох хэрэгтэй болно. Агуулга нь ямар байхыг сайтар бод. Жишээ нь аудитын компаний хувьд гол харилцагчид нь татвар, санхүүгийн талаар зөвлөгөө илүү сонирхож болно. 

Санаагаа хаанаас олох вэ? 

– Подкаст сонсож болно. 

– Амазон сайтыг ашиглаж болно.

Тэнд мэдээж бүх л төрлийн номууд байгаа. Хамгийн эрэлттэйгээр нь эрэмбэлэн, гарчигаар нь хайлт хийгээд аль сэдвийн хүрээнд их сонирхож байгааг мэдэж болно. Нэг гайгүй номыг сонгоод гарчигийг нь гүйлгэж хараад сэдвийнхээ санааг олчихож болно. Амазоны нэг сайхан тал нь хүмүүсийн сэтгэгдэлийг харж болохоор байдаг. Тэд юу сонирхож байгааг харж болохоос гадна юуг орхигдуулсан, юуг нэмж оруулахыг сонирхож байгаа зэргийг мэдэж болно.

– Facebook-ийн группээс санаа авах. Фэйсбүкийн группэд элсэх нь нийтлэлийн шинэ санаа олж болох сайхан арга юм. Мэдээж таны зорилтот зах зээлийн хүмүүсийн цугладаг групп байж л таараа. Тэнд төрөл бүрийн асуултууд бие биесээ асуусан байдагийг та мэдэж байгаа байх. Жишээ нь: Монголын нягтлан бодогчид г.м. Ямар асуултууд түгээмэл асууж байгаагаас нь контентиийн буюу нийтлэлийнхээ агуулгын санааг авч болно.

Ямар контентод илүү талархах вэ?

Тэдний мэдэхийг хүсч буй тэр зүйлийг хэрхэн хийх тухай контент байвал гайгүй сайн сонирхох болно.

Яг асуултанд нь хариулт өгөх контент нь тэдэнд тулгарч байгаа алив асуудлыг шийддэг учраас үнэ цэнэ нь түүндээ байдаг болов уу.

Контентоо бүтээх

Контентийнхоо санааг олсон бол одоо бүтээх хэрэгтэй болно. Байгууллагууд өөрсдөө хийхээс гадна аутсорсингийн үйлчилгээ ч бас авдаг. Нэг хүнд бүгдийг нь хариуцуулж болохоос гадна хэд хэдэн хүнд хариуцуулж болдог. Жишээ нь: Нэг нь судалгаа хийх, нөгөөх нь бичих гэх зэргээр хуваарилж болно. 

Зарим байгууллагууд магадгүй амжилттай ажиллахын тулд өдөр бүхэн пост хийх нь үр дүнтэй гэж боддог. Зорилтот хэрэглэгчиддээ тохирох, сонирхолтой контент хийж чадвал 7 хоногт нэгийг оруулсан ч бас үр дүнтэй ажиллаад байх боломжтой. 

Хамгийн тохиромжтой тоо нь сард 16 удаа буюу 7 хоногт 3-4 удаа байвал сайн байдаг. 

Танай бизнесийн салбар дахь шилдэг хүмүүсийн жагсаалтыг гаргаж болно. Мөн салбарын гол, гол статистик тоон үзүүлэлтүүд байвал сонирхолтой байдаг. Ийм төрлийн контентууд нь анхаарал их татдаг ба бэлэн байгаа мэдээллүүдийг нэгтгээд хийчихдэг тул хийхэд цаг зав бага зарцуулагддагаараа давуу талтай.

Харилцагчдын хийсэн контент. Энэ нь танайхаар үйлчлүүлэгчид, харилцагчдын facebook-тээ пост хийсэн контентууд юм. 

Контентод ихээхэн чухал үүрэг гүцэтгэдэг зүйл нь мэдээж зураг байдаг.

Аль болох анхаарал татах чанар сайтай зураг оруулбал зүгээр байдаг.

Сурталчилах

Хэрэв та контент маркетингийг амжилттай хэрэгжүүлье гэж бодож байгаа бол аль болох олон хүнд хүргэх хэрэгтэй болно. Хийсэн контент тань хичнээн сайн боллоо гээд хэн ч олж үзэж чадахгүй бол ямар хэрэг байх билээ. 

Ихэвчлэн үүнд хугацаа болон мөнгө их зарцуулагддаг л даа. Гэхдээ сурталчилгааны төсөв бага бол яах вэ?

Үнэгүй хэрэгжүүлэх аргууд бас байнаа. Контент  зөвхөн таны болон танай байгууллагын л тухай бол түүнийг бусад хүмүүс сошиал орчинд share хийх шалтгаан байхгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Контентдоо бусад хүмүүсийг mention хийх байдлаар оруулаад өгвөл /хүмүүс ихэвчлэн интернет орчинд өөрийх нь тухай дурдахад дуртай байдаг тул/ тэд найзуудтайгаа хуваалцах нь дамжиггүй. 

Тэгэхээр контентдоо хэн нэгний хэлсэн үгийг оруулах, эсвэл амжилттай сайн байгаа аль нэг бизнесийг дурдаадхвал хандалт нь ихсээд л явчихна шүү дээ. 

Мэдээж хэрэг хамгийн их хандалт авах сайн нийтлэл бичиж чадвал сайн. Buzzsumo програмын тусламжтайгаар тодорхой сэдвийн хүрээнд хамгийн их хандалт авсан контентуудыг харах боломжтой байдаг.

Үүний тулд эхлээд түлхүүр үгээ оруулаад Search товчийг дарна. Ингэснээр шилдэг эхний 10 контентийг харах боломжтой болно. Хэдэн удаа шэйр хийгдсэн, хэн бичсэн, аль платформ дээр илүү амжилттай байсан зэргийг харах боломжтой байдаг. 

Тэрхүү топ контентуудаас санаагаа олж аван болж өгвөл түүнээс сайн контент хийж чадвал амжилтанд хүрч болно.

Сошиал сувгуудаа удирдах. Buffer нь сошиал сувгууддаа бүгдэнд нэгэн зэрэг пост хийх боломж олгохоос гадна мөн 7 хоногоор, сараар гэх мэтээр бүх оруулах постууддаа хуваарь хийх боломжийг олгодог. Ямар их хугацааг хэмнэж болохыг та ойлгож байгаа байх. 

Сошиал сувгууддаа пост хийхдээ блогийнхоо гарчигийг оруулахаас гадна # ашиглахаа битгий мартаарай! Хэрэглэгчид тань өдрийн өөр өөр цагуудад идэвхтэй байдгийг бас бодолцох хэрэгтэй. Жишээ нь цайны цагаар болон үдэш идэвхтэй байдаг. Тэд сошиал сувгуудаараа шагайх бүрт нь л шинэхэн контентууд харагдаж байхаар зохион байгуулж чадвал сайн. Хэрэв олон хүнд хүргэе гэвэл давтамжтайгаар пост хий. Гэхдээ хэтрүүлж болохгүй. 

Хэрэв хэн нэгэн гайхалтай контент үзсэн бол түүнийг бусадтай хуваалцах нь дамжиггүй. Бусад нь ч мөн адил найзуудтайгаа хуваалцах болно. Ингээд удалгүй интернет орчинд таны хийсэн контент тархах болно.

Хайлтын системийн оновчлол

Хайлтын системийн оновчлол хийснээр таны хийсэн контент гүүглийн хайлтын эхний хуудсанд гарах боломжтой болно гэсэн үг. Хэр дээгүүр гарах эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хийхийн тулд хэрэглэгчдийнхээ хэрэглэх магадлалтай үгүүдийг олоод тухайн үгүүдээр вэб сайтандаа хайлтын системийн оновчлол хийх хэрэгтэй байдаг. 

Түрүүнд хийх ажил бол мэдээж вэб сайттай байх хэрэгтэй болно. Хэрхэн хийхээ мэдэхгүй бол миний бичсэн блогийг эндээс харна уу. 

Үүний дараа нийтлэл бичиж эхлэх хэрэгтэй. Зорилтот хэрэглэгчид тань ямар сэдвээр мэдээлэл авахыг хүсэж байна тэр тухай л бич. Үүний дараа хайлтын системийн оновчлол хий. Үүний тулд түлхүүр үгүүдийг хуудасны гарчиг болон meta тодорхойлолт оруулах хэсгүүдэд оруулах хэрэгтэй.

Хайлтын системийн оновчлолд хамгийн чухал зүйл нь мэдээж түлхүүр үгэндээ тохирох хүнд хэрэгтэй нийтлэлүүд бичих явдал юм. 

Таны хийсэн контент, блог сайн болсон тохиолдолд гүүглийн хайлтанд дээгүүр гарах бөгөөд үүнээс танд үнэгүй урсгал ирэх учраас энэ нь ихээхэн үр ашигтай сурталчилгааны сувгуудын нэг юм.

Дүгнэлт 

Контент маркетингийг төсөв бага ч гэсэн хэрхэн амжилттай хэрэгжүүлж болох тухай мэдээллийг хүргэлээ. Үр дүнтэй хэрэгжүүлж чадвал онлайн орчноос орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно. Орлогоо нэмэгдэхийн хэрээр үр дүнтэй ажилладаг сувагууддаа хөрөнгө оруулахаа битгий мартаарай. 

Контент маркетингийг хэрэв зөв хэрэгжүүлж чадвал таны бизнест сайн нөлөө үзүүлнэ. Зардал  их шаардахгүй тул одооноос хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй.  


Similar Posts