Вэб сайт | Хайлтын системийн оновчлол

Хэрхэн гүүглийн хайлтанд дээгүүр эрэмбэлэгдэх вэ?


Цахим орчин хөгжихийн хэрээр онлайн бизнес, интернетээр худалдан авалт хийх нь цаашид түгээмэл үзэгдэл болох хандлагатай байгаа бөгөөд хэрэглэгчид худалдан авалт хийхдээ Гүүглээс хайлт хийж сонирхсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олох явдал ихэссээр байна. 

​Бизнес эрхлэгчид харилцагчдын энэхүү хандлагыг хэрэв үл хэрэгсвэл Гүүглийн хайлтад сайтар байршихад хэдийнээ анхаарлаа хандуулж эхлээд буй өрсөлдөгчдөдөө харилцагчдаа алдах талтай. Нөгөө талаас хэрэглэгчид гүүглээр ихэвчлэн ямар нэг тодорхой зорилгоор хайлт хийдэг болохоор тэд үнэнч харилцагч болох өндөр магадлалтай байдаг юм байна.

​Гүүглээр хайлт хийгчдэд органик буюу төлбөргүйгээр өртөх болон төлбөртэйгөөр өртөх боломжтой байдаг.

​Төлбөртэйгөөр хайлтад өртөхийн тулд Google adwords-ийг ашигладаг бөгөөд хайлтад дээгүүр илрэх орон зайгаа худалдаж авна гэсэн үг. Хэрэглэгчдийн хайлт хийж болох түлхүүр үгүүдийг сонгон төлбөрийн хэмжээгээ санал болгох ба тухайн байгууллагын вэб сайтыг орж үзсэн тохиолдолд л төлбөр авдаг. Жишээ нь хэрэглэгчийн хандалт бүрт 0.5 ам.доллар гэх мэтээр санал өгдөг.

​Гүүгл таны санал болгосон үнийн дүн болон тухайн түлхүүр үгэнд хэр их байгууллага өрсөлдөж байгаагаас хамаарч хэр их хүнд харагдах, хаана харагдах, хэдэн удаа харагдах зэргийг шийднэ. Өрсөлдөөн их байх тусам үнэ 

нэмэгдэнэ. Гэхдээ сурталчилгаа гүүглээс тогтоосон тодорхой шаардлагад сайн нийцүүлсэн байх тусмаа хямд байдаг. 

​​​​​​​​​​​​​Төлбөртэйгөөр хайлтад өртөх боломжтойгоос гадна органикаар буюу төлбөргүйгээр өртөх боломж бас байдаг. Энэ тохиолдолд байр эзлүүлэхдээ контентийн чанар болон Гүүглээс тогтоосон тодорхой нөхцөлүүдийг хангах хэрэгтэй болдог. Органикаар хайлтад өртөх нь төлбөргүйгээс гадна хүмүүс төлбөртэй сурталчилгаанаас илүүтэй төлбөргүйгээр гарах хайлтын илэрцийг үзэх хандлагатай байдгаараа давуу талтай байдаг. 

​Энэхүү төлбөргүйгээр хайлтад өртөх асуудлыг Хайлтын системийн оновчлолоор шийдвэрлэдэг. Гэхдээ аль болох дээгүүр болон эхний хуудсанд гарах нь чухал. Учир нь хайлт хийж буй хүмүүс ихэвчлэн эхний хуудсан дахь мэдээллийг л үздэг. Өөрөөр хэлбэл дээгүүр эрэмбэлэгдэх тусмаа их урсгал авч чадна гэсэн үг. 

​Хайлтын систем хэрхэн ажилладгийг ойлгож, тодорхой түлхүүр үгүүдэд Гүүглийн хайлтад дээгүүр эрэмбэлэгдэхийн тулд хийж байгаа үйлдлийг хайлтын системийн оновчлол гэж ойлгож болно. 

Гүүгл хэрхэн ажилладаг вэ?

​Амжилттай дээгүүр эрэмбэлэгдэхийн тулд Гүүглийг хэрхэн ажилладгийг нь мэдэх хэрэгтэй. Гүүгл хоёр зүйлд анхаарлаа хандуулдаг. Нэгдүгээрт интернет орчин дахь вэб хуудаснуудыг хайн илрүүлж, бүх хуудаснуудын жагсаалтыг үүсгэн хадгалдаг. Хоёрт жагсаалтаас хэрэглэгчийн хайсан хайлтад хамгийн тохирох хувилбарыг олж гаргах программ ашигладаг.

​Таны вэб хуудас тодорхой хайлтад дээгүүр гарахын тулд хоёр зүйлийг хийсэн байх хэрэгтэй. Нэгт Гүүглийн жагсаалтад бүртгүүлэх хэрэгтэй бол хоёрт хайлт хийж байгаа түлхүүр үгүүд /танай бизнесийг хайхад хэрэглэгдэх үгүүд/-ийг олж, тэдгээр үгүүдээр вэб сайтаа оновчлох хэрэгтэй болно.

​Өмнө нь шинээр үүссэн вэб хуудас бүрийг гүүглд бүртгүүлэх шаардлагатай байдаг байсан бол, одоо Гүүгл эхний удаад бүртгүүлсэн мэдээллийг ашиглан бусад хуудаснуудыг бүртгэх болсон тул бүртгүүлэх нь асуудал биш болжээ. Гол асуудал нь хэрхэн дээгүүр эрэмбэлэгдэхэд байна. 

​Харилцагчийн оруулсан түлхүүр үгэнд тохирох хуудсыг олохын тулд гүүгл өөрийн жагсаалт дахь хэдэн тэрбум хуудаснуудаас шүүж хамгийн их тохирох боломжит хувилбарыг гаргаж ирэхийг оролддог. Жишээ нь хэрэв та “инбаунд маркетинг” гэсэн үгээр хайлт хийх юм бол үүнд 2,600 илэрц гарч ирж байна. Эрэмбэлэхдээ хамгийн чанартайг нь хамгийн дээр гаргах, таарууханг нь хамгийн доор гаргах байдлаар эрэмбэлдэг. 

​Эрэмбэлэлт хийхдээ хайж байгаа зүйлтэй хэр холбоо, хамаатай байгааг болон хэр найдвартай байгааг харгалзан үздэг. 

​Гүүгл вэб сайтуудыг чанартай эсэхийг батлахын тулд Стэнфордын их сургууль судалгааны ажлуудыг хэрхэн эрэмбэлдгээс санаа авсан байна. Судалгааны ажлыг бусад судалгааны ажлуудад хэр их иш татагдсанаар үнэлдэгтэй адил вэб хуудас нь бусад сайтуудаас хэр их линк буюу холбоос үүсгэснийг харгалзан эрэмбэлдэг.

Ихээхэн чанартай вэб сайтаас танай сайт уруу холбоос үүсэх тусмаа танай сайтын эрэмбэ дээгүүр байрлах болно. Хэрхэн холбоос бий болгох вэ? Мэдээж маш сайн, бусдад хэрэгтэй контент хийх замаар. Ийм зарчим үйлчилдэг, шударга байгаа биз? Би уул нь дээгүүр эрэмбэлэгдэхийн тулд зөвхөн төлбөр л төлдөг юм байх хэмээн эндүү боддог байлаа.

​Хайлтын системийн оновчлол нь харилцагчдын олохыг хүсэж байгаа, асуудалд нь хамгийн тохирох контентийг хүргэхэд нь гүүглд тусалж байгаа хэрэг юм. Гүүглийн хайлтад дээгүүр эрэмбэлэгдэх шилдэг арга нь бусдад хэрэгтэй сайн контент хийх замаар л хэрэгжүүлнэ.

Зөв түлхүүр үгийг хэрхэн сонгох вэ?

​Хайлтын системийн оновчлолыг хийх эхний алхам нь аль түлхүүр үгээр вэб сайтаа оновчлохоо шийдэх юм. Таны сонгосон түлхүүр үгүүд хайлтад дээгүүр эрэмбэлэгдэж чадах эсэх нь 3 зүйлээс хамаарна. Хамаатай байдал, хайлт хийгдэх тоо, өрсөлдөөн.

Цахим маркетинг /онлайн/ сургалтын хэсгээс

Хамаатай байдал -Түлхүүр үгээ сонгохдоо танай бизнесийг харилцагчид ямар түлхүүр үг хэрэглэн хайж болох вэ? гэдгийг харгалзан үзвэл зүйтэй. Тэдний оронд өөрийгөө тавиад би байсан бол юу гэж хайлт хийх вэ? хэмээн бодох нь үр дүнтэй байж болох юм.

Тоо хэмжээ -Таны сонгосон түлхүүр үгээр хэр их хүмүүс хайлт хийх магадлалтай вэ? Тухайн сонгосон түлхүүр үгээр хэрэв хайлт хийхгүй бол хайлтад өртөхгүй нь мэдээж. 

Өрсөлдөөн -Тухайн түлхүүр үгэнд хэр их байгууллага, хувь хүмүүс өрсөлдөж байгаа болон танай байгууллага энэ өрсөлдөөнд хэр дээгүүр эрэмбэлэгдэж чадах вэ? Хайлтад эхний нүүрийн хуудсанд гарахын тулд байгууллага, хувь хүмүүс өрсөлдөх бөгөөд тухайн түлхүүр үг энгийн байх тусмаа өрсөлдөгчдийн тоо ихсэж, гүүглийн нөхцөлийг хамгийн сайн хангасан 10 нь л эхний хуудсанд гарна.

Хэрэв танай байгууллага шинэхэн вэб сайттай бол дээгүүр гарахад хэцүү бөгөөд өрсөлдөөн бага түлхүүр үгийг /ихэвчлэн хэд хэдэн үгээс тогтох/ олж чадвал дээгүүр эрэмбэлэгдэх боломжтой. Тодорхой хугацааны дараа вэб сайтынхаа найдвартай байдлыг нэмэгдэхээр өрсөлдөөн ихтэй үгүүдийг хэрэглэж болно.

​Аль үгийг хэрэглэвэл илүү үр дүнтэй байхыг болон харилцагчид танай сайт уруу ямар үгүүдээр хайлт хийн ирж байгааг мэдэхийн тулд google adwords-г хэрэглэвэл зүгээр байдаг. Хайлтын системийн оновчлолын тусламжтайгаар түлхүүр үгээс вэб сайт уруугаа харилцагчдын урсгал авахын тулд тодорхой хугацаа шаардагдлагатай байдаг бол түлхүүр үгийг худалдан авснаар тэр дороо урсгал авах боломжтой байдаг.

​Цаашлаад интернет худалдаа хийдэг вэб сайтууд аль түлхүүр үгээс илүү их борлуулалт хийгдэж байгааг Google analytics ашиглан мэдэх боломжтой бөгөөд тэдгээр түлхүүр үгүүдийг ашигласнаар илүү их харилцагчидтай болох боломжтой болдог байна.


Similar Posts